БШУЯ: Хичээл, сургалтын үйл ажиллагааг аль ч хэлбэрээр зохион байгуулахад бэлэн. Теле хичээлүүдийг бэлдсэн

Нийгэм, Эдийн засаг

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэх учиртай. Одоогоор хичээл, сургалтын үйл ажиллагааг  ямар хэлбэрээр явуулах нь тодорхой бус байна. 

БШУЯ-наас хичээл, сургалтын үйл ажиллагааг ямар хэлбэр чиглэлтэй байгааг тодруулахад "Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг дагана. Хичээл сургалтын үйл ажиллагааг танхимын болон теле аль ч хэлбэрээр явуулахад бэлэн байгаа. Теле хичээлүүдийг бүрэн бэлдсэн" хэмээн хариуллаа. 

Түүнчлэн БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгээс хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаарх тандалтын судалгааг өчигдрөөс авч эхлээд байна. Энэ талаар Боловсролын хүрээлэнгээс "Уг судалгааг 21 аймаг болон нийслэл хотыг хамруулан зохион байгуулж байна. Судалгаа нь шийдвэр гаргах чиглэлийг тодорхойлохгүй бөгөөд боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, эцэг, эх, сурагчид цар тахлын энэ цаг үед хичээл сургалтын үйл ажиллагааг ямар хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж буйг тандах, суурь мэдээлэл цуглуулах зорилготой" гэлээ. 

Сурагчдын амралтын үргэлжилж буй энэ хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын теле хичээлээр үзсэн агуулгыг бататгах, давтуулах зорилгоор сайн дураар хамрагдах боломж бүхий теле хичээл контент, интерактив хичээл болон цахим давтлагыг зохион байгуулж байна.

Одоогоор Улаанбаатар хотод хэд хэдэн голомт үүсэж, батлагдсан тохиолдлын тоо 571 болсон. Харин орон нутагт халдварын голомтууд хумигдсан билээ. 

Боловсролын хүрээлэнгийн явуулж буй тандалтын судалгаанд хамрагдахыг хүсвэл энд дарна уу.