ДЭЛХИЙН БАНК: Монгол Улстай ирэх 5 жилд түншлэх шинэ чиглэлийг тодорхойлно

Нийгэм, Эдийн засаг

Дэлхийн банк  Монгол Улстай байгуулах Түншлэлийн шинэ стратегийн хүрээг (ТСХ) боловсруулж байгаатай холбогдуулан оролцогч талуудын санал, зөвлөмж авахаар уулзалт, онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

2021-2025 оныг хамрах Түншлэлийн стратегийн хүрээний гол зорилго нь ядуурлыг тогтвортой бууруулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжихэд Дэлхийн Банк Группын дэмжлэг хамгийн ихээр нөлөөлөх чухал салбаруудыг тодорхойлж тэргүүлэх чиглэлийг тогтоох явдал аж.

Энэ хүрээнд Засгийн газар (төв болон орон нутгийн засаг захиргаа), иргэний нийгмийн байгууллагууд, судлаач, хөгжлийн түнш байгууллагуудтай зөвлөлдөнө. Мөн бусад оролцогч талууд, олон нийтээс санал авах зорилгоор 2020 оны арванхоёрдугаар  сарын 29-ний өдрөөс 2021 оны гуравдугаар  сарын 8-ны өдрийн хооронд онлайн хэлэлцүүлгийн платформоор санал хүлээж авах юм байна.

Энэ удаагийн зөвлөлдөх үйл ажиллагаа нь 2017-2019 онд зохион байгуулсан өмнөх хоёр шатны зөвлөлдөх уулзалтууд дээр тулгуурлаж буй аж.

2017 оны 8-10 дугаар сард зохион байгуулагдсан эхний шатны зөвлөлдөх уулзалтууд болон онлайн санал асуулгын үеэр Улаанбаатар хот болон 4 бүсэд Засгийн газар, Улсын Их Хурал, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн салбар болон орон нутгийн оролцогч талуудын 400 гаруй оролцогчид оролцож, Монгол Улсын Нийгэм эдийн засгийн хөгжлийн цогц дүн шинжилгээ/оношилгооны баримт бичиг болон шинэ ТСХ-ний талаар санал бодлоо хуваалцаж байжээ.

Дараагийн шатны хэлэлцүүлгийг 2018 оны арванхоёрдугаар сараас 2019 оны хоёрдугаар  сар хүртэл зохион байгуулж, ТСХ-ний төсөлд оролцогч талуудын саналыг тусгасан байна.

Одоо зохион байгуулж буй гурав дахь буюу эцсийн шатны хэлэлцүүлэгт Дэлхийн Банк Группээс Монгол Улсад үзүүлэх дэмжлэг туслалцааны чиглэлүүдийн талаар олон талын оролцогч талуудаас санал авч, тэдгээр саналыг ТСХ-ний эцсийн төсөлд тусгах зорилготой аж.

Зөвлөлдөх үйл ажиллагаанд олон талын оролцогчдыг хамруулах юм байна. Тухайлбал, Засгийн газрын яам, тамгын газар, агентлагууд, орон нутгийн удирдлага,  Улсын Их Хурал, Хөгжлийн түншүүд буюу  НҮБ-ийн байгууллагууд, хандивлагчид, олон талт болон хоёр талын хөгжлийн түншүүд, Төрийн бус байгууллагууд болон холбоод, үйлдвэрчний эвлэлийн бүлгүүд, “think tank” буюу судалгаа шинжилгээний байгууллагууд, сургалт шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн судлаачид, бизнесийн салбар, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай бизнесийн байгууллага, жижиг дунд үйлдвэр, худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн зөвлөлүүдийн төлөөллүүдийн саналыг хүлээн авч, төсөлд тусгах юм байна.