УОК-ын Шуурхай штабынхан нууцаар шинэ жилджээ

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яам болон Улсын  онцгой комиссоос иргэдийг олноор цугларч шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулахыг хатуу хориглосон. Мөн энэ тухай УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр удаа дараалан сануулж байсан. Тэгтэл тэрбээр өөрөө хууль зөрчиж,  УОК-ын Шуурхай штабынхан өнгөрөгч сарын 30-ны өдөр шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулжээ. Ингэхдээ тэд хоол унд гаднаас захиалж, бие биедээ шагнал гардуулж шинэ жилээ "тэмдэглэсэн" байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид болон "Мөнххада" компанийнхан байгууллага дээрээ нууцаар арга хэмжээ зохион байгуулснаас халдвар илэрсэн. Өнөөдрийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хоёр ажилтнаас халдвар илрээд байгаа юм. Иргэдээ олноор бөөгнөрч аливаа нийтийг хамарсан  арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байтал дарга нар нь өөсрдөө хуулиа зөрчснөө "нам дараад" өнгөрөхийг завдав.

Түүнчлэн хөл хорионы үед барилгын засварын ажлыг зогсоосон. Гэтэл  ЭМЯ-ны хойд өргөтгөлд байрладаг Азийн хөгжлийн банкны төслийнхөн засвар хийж байгаад нэгнээс нь коронавирусийн халдвар илэрснийг мөн нуугаад өнгөрсөн. Тухайн үед ЭМЯ-д ажиллаж байсан Т.Мөнхсайхан сайдаас  эхлээд бүх хүн шинжилгээний хариугаа гартал өглөөний 05:00 цаг хүртэл яаман дээрээ хоносон байдаг.

Энэ мэтчилэн хатуу хөл хорио цөөн нэгэнд нь үйлчилж, нэг хэсэгт нь үйлчлэхгүй байгаад иргэд ч шүүмжлэлтэй хандаж байна. Хамгийн гол нь шийдвэр гаргагчид нь өөрсдөө ингэж зөрчил үүсгэх нь хэр зохимжтой, бас тэдэнд хэн хариуцлага хүлээлгэх вэ.

Эх сурвалж : News.mn