Цаг агаарын нөхцөл агаарын бохирдолд нөлөөлдөг

Нийгэм, Эдийн засаг
Улаанбаатар хотын агаарын бохирдолд ихээхэн нөлөөлж буй хүчин зүйл бол ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ юм.
Монголын нутагт өвөлдөө Сибирийн их даралтын орон (антициклон) тогтсоноор үүлгүй, салхи багатай үед газрын гадарга хөрж дулаанаа алдаж ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРС бүрэлдэх буюу агаар доод хэсэгтээ хүйтэн, дээшлэх тусмаа дулаан болдог. Үүний улмаас агаар дээшээ сарних, сэлгэгдэх бус доошоо хуран сууж олон эх үүсвэрээс гарч буй утаа тунарч тогтоно.
Газрын гадаргаас дээш хөөрсөн агаар эзлэхүүнээ тэлж температур нь буурдаг ерөнхий зүй тогтолтой боловч цаг агаарын тодорхой нөхцөл бүрдсэн үед эсрэг байдал үүсч дээшлэх тусам агаарын температур нэмэгдэх явдал ажиглагдана. Үүнийг температурын инверс гэж нэрлэнэ.
Температурын инверсийн эрчим хүчтэй, инверс зузаан байх тусам агаар бохирдуулагч бодисуудын хөдөлгөөн тушигдаж, инверсийн давхаргад хуримтлагдаж агаарын бохирдол энгийн нүдээр харагдахуйц ихэсдэг. Температурын инверс улаанбаатар хотод 11 дүгээр сараас 2 дугаар сард зонхилон тогтвортой оршдог бөгөөд энэ дундаа 12, 1 дүгээр саруудад хамгийн хүчтэй байдаг. Олон хоногоор инверс задрахгүй тогтвортой байснаас агаарын бохирдол нэмэгдэх шалтгаан үүсдэг.
Өнгөрсөн хоногуудад температурын инверс өглөө /12 дугаар сарын 4/-ний байдлаар 11,2°С эрчимтэй, 635 метрийн зузаантай байна. Өөрөөр хэлбэл, газрын гадаргаас дээш 600 гаруй метрийн түвшинд агаар бохирдуулагчийн хөдөлгөөн хязгаарлагдаж, босоо болон хэвтээ чиглэлд агаарын хөдөлгөөн эрс тушигдаж “хөнжлөөр хучсан” мэт бохирдуулагч тунаран тогтсон байна.
Инверсийн давхаргын зузаан өдөртөө нимгэрч, шөнөдөө зузаарч хоногтоо өөрчлөгддөг.
Эрчмийн хувьд өдөртөө бага, шөнөдөө их байдаг. Өдөртөө инверс суларч, агаарын тогтворшил багассанаар агаар бохирдуулагчид өндрөөшөө тархаж газар орчимд бохирдол багатай болдог. Үүний жишээг өглөө болон үдээс хойших агаарыг харьцуулж харснаар мэдэж болно, цонхоор харахад үдээс өмнө гадарга орчимд бохирдолтой байснаа үдээс хойш сийрэгжиж ирдэг нь энгийн байдлаар мэдэгддэг болно.