Вакцин гарсан ч "Ковид-19" халдварт цэг тавьж чадахгүй

Дэлхийн мэдээ

Коронавирусийн эсрэг вакцин бий болсон ч цар тахал дуусах болоогүй, вирустэй хийх тэмцлээ сулруулж болохгүйг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын удирдлагууд өчигдөр улс орнуудын засгийн газрууд, ард иргэдэд анхаарууллаа хэмээн Reuters хэвлэл мэдээллээ. 

 

Швейцарийн Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “Вакцин бүтээх ажилд ахиц дэвшил гарснаар хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ. Гэсэн хэдий ч "Ковид-19" цар тахал дуусах нь гэсэн буруу ойлголт дэлгэрч, назгайрал бий болохоос ДЭМБ болгоомжилж байна” гэж хэлсэн байна.Түүний хэлснээр цар тахал дуусах хараахан болоогүй бөгөөд хэр удаан үргэлжлэхийг вакцин биш, улс орнуудын эрх баригчид, ард иргэдийн авах арга хэмжээ эцэслэн шийдэх гэнэ.

ДЭМБ-ын яаралтай тусламжийн эксперт Майк Райан вакцин нь коронавирустэй тэмцэх гол зэвсэг мөн боловч дангаараа цар тахалд цэг тавьж чадахгүйг анхааруулжээ.ДЭМБ нь коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн улс орнуудад тэгш хуваарилах зорилготой COVAX хөтөлбөрийг дэмжиж байгаа. Уг хөтөлбөрт сүүлийн байдлаар дэлхийн 189 улс нэгджээ.

ДЭМБ-ын ахлах судлаач Сумя Сваминатан “Ирэх оны төгсгөлд хамгийн багадаа 2 тэрбум тун вакцин бүрдүүлж, COVAX-д нэгдсэн орнуудын хүн амын 20 хувийг дархлаажуулах нь бидний зорилго юм” гэж  мэдэгдсэн байна. Үүний үр дүнд цар тахлын хамгийн хурц дэгдэлтийг зогсоож, дэлхий даяар хүний эндэгдлийн тоог бууруулж чадна гэж үзэж байгаагаа тэр тайлбарлажээ. Бараг жилийн өмнө Хятадын Ухань хотод шинэ төрлийн коронавирус тархаж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар дэлхий даяар 65 сая гаруй хүн өвчилж, 1.5 сая орчим хүн амиа алдаад байна.