Б.Хонгорзул: Үүдэл эсийн эмчилгээ эхний үр дүнгээ өгсөн

Нийгэм, Эдийн засаг

Хүнийг өөрийнх нь үүдэл эсээр эмчилдэг эмчилгээний цоо шинэ арга дэлхийд нэвтрээд удаж байна. Харин манай улсад анхны албан ёсны эмнэлэг байгуулагдаад тун удаагүй байгаа юм. Энэ эмчилгээ дэлхийн олон оронд нэвтэрч, Монгол Улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал байв.

Тэгвэл үүдэл эсийн эмчилгээг Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий мэс заслын болон судасны мэс заслын эмч гэдгээр нь хүмүүсийн сайн мэддэг, элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг санаачлан, нэвтрүүлсэн гавьяат эмч П.Батчулууны охин, үүдэл эсийн мэргэжилтэн Б.Хонгорзул Монгол Улсдаа нэвтрүүлжээ. Түүнтэй хийсэн ярилцлагаас үүдэл эс гэж юу болох, хүний хаанаас нь тэрхүү үүдэл эсийг авч, эмчилгээнд яаж ашигладаг, эмчилж эдгэрүүлдэг талаар мэдээлэл аваарай.

Тэрбээр тархины үүдэл эсийн талаар судалгааны ажил хийж, энэ ажлаараа 2018 онд шилдэг залуу судлаач болж Ерөнхийлөгчөөс шагнал гардаж байсан юм.

-Хүний өөрийнх нь үүдэл эсээр өвчин эмгэгийг эмчилдэг эмчилгээний аргын талаар та бид хоёр ярилцах гэж байна. Тиймээс эхлээд эмчилгээний талаар ярихаас өмнө тэрхүү аливаа өвчин эмгэгийг эмчлэх гайхалтай шийдэл болсон үүдэл эс гэж юу болох, тэр эсийг хүний хаанаас, яаж гаргаж авдаг талаар ярилцая гэж бодлоо?

-Ер нь бол хүний бүхий л эрхтэн дотор үүдэл эс тодорхой хэмжээгээр байдаг. Харин эмчилгээнд хэрэглэх зорилгоор хэд хэдэн эд, эрхтнээс гарган авдаг. Мэдээж, хамгийн нэгдүгээрт хүйн судас, эхэс, өөх, ясны чөмөг болон захын цуснаас гаргаж авч болно. Эдгээрээс ясны чөмөгнөөс гаргаж авах арга нь нэлээд хүнд. Учир нь яснаас нь хатгалт хийж авдаг. Эсийн тоо эмчилгээний үр дүнд нөлөөтэй байдаг учраас олон удаа хатгах шаардлагатай болдог. Тиймээс дэлхий нийтээр ясны чөмөгнөөс үүдэл эс гаргаж авахаас татгалзаад эхэлсэн. Захын цуснаас ялгаж авч байгаа тохиолдлыг цусны хавдартай хүмүүст өргөнөөр хэрэглэдэг.

Олон улсад өргөнөөр хэрэглэж, анагаах ухаанд хүлээн зөвшөөрөгдөж буй тохиолдол нь өөхнөөс үүдэл эс гарган авах арга. Энэ нь өвчтөнд зовиур багатай, олдоц ихтэй арга. Хүссэн үед өөхнөөс нь үүдэл эс ялган авах боломжтой. Дээрээс нь эсийн гарц сайн байдаг. Хангалттай тоогоор авахын тулд эдээ ахиу авч болно. Энэ давуу талуудыг харгалзаад өөхний эдээс ялган авсан үүдэл эсийг эмчилгээнд хэрэглэх аргыг Монголдоо нэвтрүүллээ.

-Хүүхдийнхээ хүйг хадгалчихсан хүмүүс байдаг. Сүүлийн жилүүдэд үүдэл эсийн эмчилгээ гэж яриад байгаа болохоор хүй нь хэзээ нэг цагт хэрэг болно гэж бодсон ч юм уу. Хүй, үүдэл эс хоёр ямар холбоотой вэ?

-Хүйн цусанд үүдэл эс байдаг гэсэн үг. Хүүхэд төрөх үед хүйн судсан дахь цусыг хадгалж авснаар түүн доторх үүдэл эсээр эмчилгээ хийж болно. Хүйн судас буюу эхсээс үүдэл эс авах арга нь 100 хувь практикт нэвтэрч, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн үр дүн байхгүй байна. Гэхдээ хүүхдээ төрүүлэх үедээ хүйн судаснаас цусыг аваад хадгалуулж болдог. Учир нь ирээдүйд тухайн хүүхэд болон түүний төрсөн ах дүү нар, ээж аавд нь хэрэглэх боломжтой.

-Танай эмнэлэг хүний биеийн өөхөн эдээс үүдэл эсийг ялгаж авч эмчилгээ хийдэг гэж ойлголоо. Яаж ялгаж авдаг вэ?

-Манай лаборатори өөхний эдээс үүдэл эс хэрхэн ялгаж авах тухай олон улсад дагаж мөрдөж буй стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Эс ялгаж авахаас эхлээд эмчилгээний үйл явц дуусталх бүх үйлчилгээ, хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж, багаж гэх мэт бүх зүйл олон улсын холбооны ги­шүүн эмнэлэг гэдгээрээ дэл­хийн түвшинтэй яг ижил буюу Япон, АНУ, Солонгос улстай адилхан.

Манайхаас гадна одоогоор Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт цусны хавдрын эмчилгээнд захын цуснаас үүдэл эс ялган авч хэрэглэдэг.

-Өөхний эдээс нь үүдэл эс ялгаж эмчлэхэд ямар нэг хүндрэл байдаг уу?

-Ямар ч хүндрэл байхгүй. Ту­хайн хүн тарган, туранхай ямар ч байсан тэр хүнээс үүдэл эс ял­гаж авах өөх биед нь бай­даг. Тухайн эмчлүүлэгч өөрөө өөр­төө донор, таныг эмчиллээ гэ­хэд таны л өөхөн эд хэрэгтэй бо­ло­хоос өөр хүнийх хэрэггүй. Та бол өөрөө өөрийнхөө эмч гэсэн үг.

-Сонирхолтой юм. Гаргаж авсан эсээрээ ямар ямар өвчинг, яаж эмчлэх вэ?

-Манай эмнэлэгт үе мөчний эмгэг болон чихрийн шижин өвчний 1, 2 дугаар хэв шинж, чихрийн шижингийн гаралтай хөлний шарх, архаг шарх, тархины хатингаршил, бэлгийн сулрал, үс халзралт гэх мэт өвчнийг эмчилж байна. Эмчилгээний тухайд энгийн хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлахад хүний үүдэл эсийг ялгаж аваад буцаагаад биед нь суулгана. Тэрхүү эс нь биеийн аль нэг шаардлагатай хэсэг рүүгээ нүүж очоод нутагшина, тэгээд үйл ажиллагаанд оролцох физиологийн үйл ажиллагаа нь 1-3 сарын хугацаанд болдог юм. Олон улсад бөөрний эмгэг, элэгний церрозтой хүмүүст энэ эмчилгээг хийхэд өндөр үр дүнтэй гэдэг нь клиник судалгааны үр дүнгээр баталгаажсан. Манай эмнэлэгт эдгээр эмчилгээнүүд тодорхой үе шаттайгаар нэвтрэх бүрэн боломжтой. Ер нь лон улсад үүдэл эсийн эмчилгээ ялангуяа үе мөчний эмгэгт маш үр дүнтэй болох нь батлагдсан. Япон улсад элэгний церрозтой хүмүүст, АНУ-д бөөрний дутагдалтай өвчтөнд энэ эмчилгээг түлхүү хийж байна. Цаг хугацааны хөгжлийн явцад манай улсад энэ бүх эмчилгээг хийдэг болно гэж харж байгаа.

-Танай эмчилгээний үр дүн гарсан уу?

-Хэдхэн сар болсон ч энэ хугацаанд чамлахааргүй олон хүн эмчлүүлсэн. Эмчилгээний үр дүнгийн талаар ярихад сэтгэлд хүрсэн төгс үр дүн гарахад 1-3 сарын хугацаа шаардагддаг. Гэхдээ манай үйлчлүүлэгч нарт эхний ээлжийн үр дүн нь гарч байна. Тухайлбал, үе мөчний өвчтэй хүний өвдөлт нь буурах, чихрийн шижинтэй хүний амны хөндийн эсвэл хөлийн шарх нь аньсан. Арьс, гоо сайхны чиглэлээр эмчлүүлсэн хүмүүсийн арьс цайрч, нөсөөжилт нь багасч, үрчлээ нь арилж байна.

-Үүдэл эсийн эмчилгээ гэж ийм эмчилгээ байдаг талаар хүмүүс мэдэж аваасай гэсэндээ та бид хоёр ярилцаж байгаа. Эмнэлгээ товч танилцуулна уу?

-“HFS” үүдэл эсийн клиник эмнэлгээ нээгээд удаагүй байна. Дэлхий дээр хүлээн зөвшөөрөгдөж, хэрэглэж байгаа сайн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон, Япон, Солонгос улсад сурч мэргэшсэн шилдэг хамт олныг бүрдүүлсэн. Дэлхийн анагаахын шинжлэх ухааны хамгийн дэвшилтэт, үр дүнтэй эмчилгээгээр тодроод буй үүдэл эсийн эмчилгээг Монголдоо анхлан нэвтрүүлж, өргөн хэрэглээнд хүргэхийг зорьж байгаа.

-Эмчилгээний төлбөр ямар байдаг вэ?

-Манайх Хятад, Солонгос, Япон, АНУ гэх мэт улс орнуудтай харьцуулахад 2-5 дахин хямд байгаа. Жишээлбэл, Солонгост гэхэд хамгийн энгийн гоо сайхны эмчилгээний үнэ тариф гэхэд 40 сая үүдэл эсээр эмчилгээ хийлгэхэд 5-6 мянган ам. доллар, Хятадад 100 сая эсээр хийлгэхэд 30 сая төгрөг байх жишээтэй.

Эмчилгээнд орох тохиолдолд ойролцоогоор дөрвөн цаг арай хүрэхгүй хугацаанд эхний эмчилгээг хийлгэдэг. Давтан эмчилгээнүүд байгаа тул нэг эмчилгээний дараа 2-3 удаа ирэх шаардлагатай. Гэхдээ аль ч төрлийн өвчний үед хамгийн хүнд буюу бүр сүүлийн шатандаа орчихсон тохиолдолд эмчилгээг хийлгэхийг бид зөвлөдөггүй.

-Монголд үүдэл эсийн чиглэлээр мэргэшсэн хоёр гуравхан мэргэжилтний нэг нь таныг гэж энэ салбарыг ойл­годог хүмүүс хэлдэг. Та хаана энэ чиглэлээр суралцсан бэ?

-Японд Жичигийн анагаах ухааны сургуульд докторт суралцаж байхдаа, судалгааны ажлаа хийж их зүйлийг сурч, судалж мэдсэн. Яг клиникийн түвшинд, эмчилгээнд үүдэл эсийг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг нарийн сургалтаа Солонгост дүүргэсэн. Үүдэл эсийн судалгаагаар Япон, АНУ үнэхээр хол түрүүлж яваа. Японд гэхэд үүдэл эсийн судалгаа шинжилгээ хийн, эмчилгээ явуулж буй хэд хэдэн томоохон төвүүд байдаг. Улс болгон өөрийн орны хуулийн хүрээнд энэхүү эмчилгээг явуулдаг.

-Үүдэл эсээр нь хүнийг эмчлэх энэ эмчилгээг дэлхийд анагаах ухаанд анх яаж нэвтрүүлсэн юм бэ. Үүх түүхээс нь сонирхуулахгүй юу?

-Японы эрдэмтэн Шиняа Яманака 2006 онд нээсэн үүдэл эсийн нээлтээрээ 2012 онд Нобелийн шагнал хүртсэн. Түүнээс хойш Япон улс үүдэл эсийн эмчилгээ, судалгаа, шинжилгээн дээр илүү их, маш их мөнгө зориулж эрдэмтдээ дэмжсэнээр өнөөгийн өндөр түвшинд хүрсэн байна.