Reuters: Credit Suisse-ыг хэвийн болгоход зургаан тэрбум ам.доллар шаардлагатай

Дэлхийн мэдээ

   Швейцартаа хоёрдугаарт ордог Credit Suisse банкыг авахын тулд тус улсын санхүүгийн том UBS холдинг засгийн газраас зургаан тэрбум ам.долларын төрийн баталгаа авахыг хүсч байгаа талаар эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлсэн байна. Өөр хувилбаруудыг авч үзэж байгаа болохоор шаардагдах мөнгөн дүн ч өөрчлөгдөж магадгүй  юм. Банкийг хүлээн авсан тохиолдолд 10 мянган ажилтныг цомхотгож магадгүй байна.

Улсаас авах гэж байгаа энэ  баталгаа нь UBS-т Credit Suisse-ийн хэд хэдэн чиглэлийн зардлыг бууруулахаас гадна, хуулийн үйлчилгээний зардлаа нөхөхөд нь туслах ёстой гэж эх сурвалж Ройтерс агентлагт тайлбарлажээ. Түүний хэлснээр бол талууд амралтын өдөр буюу биржийн арилжаа нээгдэхээс өмнө энэ асуудлаар зөвшилцөх бодолтой байна. Нийт актив нь ойролцоогоор 1.7 их наяд доллартай тэнцэх банкуудын хэмжээнээс шалтгаалан шингээлт нь төвөгтэй байдаг. Үүнтэй холбогдуулан Credit Suisse-ийн нэгжийн зөвхөн нэг хэсгийг зарах боломжтой юм.

Credit Suisse банк төрөл бүрийн дуулианаас болоод хэдэн жилийн туршид хүндрэлтэй байдалд байгаа. Өнгөрөгч 2022 онд гэхэд л энэ банк 7,9 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан нь 2008 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт болсон юм.

Silicon Valley Bank банк гэнэт дампуурч, Signature банк хаагдсан зэрэг нь Швейцарийн банкны салбарын  нөхцөл байдлыг улам хурцатгаж, хөрөнгө оруулагчдыг ихээхэн түгшээж байна. Гуравдугаар сарын 13-нд Credit Suisse банк санхүүгийн тайландаа "материаллаг алдаа дутагдал" илрүүлсэн гэж мэдэгдсэнээр  хувьцааны ханш 30 хувиар буурсан. Үүнтэй холбогдуулан Швейцарийн Үндэсний банк Credit Suisse банкинд ойролцоогоор 50 тэрбум швейцарь франк (53.7 тэрбум доллар) зээл олгохыг зөвшөөрчээ. Credit Suisse-ийг UBS-ийн мэдэлд авч магадгүй гэж Bloomberg-ийн эх сурвалж өмнө нь мэдээлж байсан ч талууд энэ мэдээлэлд ямар нэг тайлбар өгөөгүй байна.

“Эвтэй найртай амьдаръя л даа” гэсний төлөө баривчилжээ

Оросын умард нийслэл гэдэг Санкт-Петербург хотын Ордны талбайд “Леопольд муурын адал явдал” хүүхэлдэйн киноны гол баатар Леопольд муурын хулгануудад хэлдэг “Эвтэй найртай амьдаръя л даа” гэсэн үгийг бичсэн зурагт хуудас барин ганцаараа зогсч байсан Льев Соколов гэдэг эрийг цагдаагийнхан саатуулсан баривчилсан байна.  Энэ талаар Коммерсантъ хэвлэл мэдээлжээ.

Хэвлэлүүдэд бичсэнээр бол тэр эрэгтэйг цагдаагийн машинд суулган эрхэлдэг ажил, цэргийн алба хаасан эсэх, Украин дахь цэргийн тусгай ажиллагааг юу гэж үзэж байгаа талаар асууж тодруулсныхаа дараа Петербургийн төвийн районы цагдаагийн  78 дугаар  хэлтэст аваачсан гэнэ.

Үүний өмнө арванхоёрдугаар сарын 21-нд Пермь хотын цагдаагийнхан бас цэргийн тусгай ажиллагааг дуусгахыг шаардан хотын захиргааны байшингийн дэргэд зурагт хуудас барин зогссон 77 настай эрийг баривчилсан юм. Түүнийг ганцаарчилсан эсэргүүцлээ илэрхийлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа л цагдаагийнхан шууд баривчилжээ. Ингэж саатуулсныхаа дараа намайг цагдаагийн хэсэгт аваачиж Оросын зэвсэгт хүчний талаар асуун протокол хөтөлж гарын үсэг зурахыг шаардсан, харин би ямар ч хууль зөрчөөгүй гээд гарын үсэг зурахаас татгалзсан гэж Виктор Гилин гэгч тэр эрэгтэй ярьжээ.