Г.Тэмүүлэн: Манай түүхий эдийг худалдан авдаг гадны хэрэглэгчид бойкот зарлан, түүхий эд худалдан авахгүй, манай зах зээлд орж ирэхгүй байх эрсдлүүд үүсэж болзошгүй ч бид давж гарах л ёстой

Улс төр

М.ДАВААДУЛАМ

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнтэй 2022 онд гарсан ноос ноолууртай холбоотой тогтоол болон ХАА-н биржийн асуудлаар ярилцлаа. 

-Өнгөрсөн жил ноолууртай холбоотой тогтоолыг УИХаар баталсан. Хэрэгжилт нь энэ оноос эхэлнэ гэсэн, ер нь энэ тогтоолын гол ач холбогдлыг та юу гэж харж байгаа вэ?

-УИХ 2022 оны тавдугаар сард ноос ноолуурын экспортыг дэмжихтэй холбоотой, дотоодын үндэсний үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэхтэй холбоотой нэг чухал тогтоол баталсан. Энэ нь УИХ-ын 19 дүгээр тогтоол юм.

Тэр тогтоолд:

-1/ноос, ноолуурын боловсруулалтын түвшнийг үе шаттайгаар нэмэгдүүлэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, 2023 оноос хялгас ялгахаас дээш боловсруулалт хийсэн чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг үйлдвэрлэх болон экспортлохтой холбоотойгоор үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж, мөрдүүлэх;

-2/хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх зориулалттай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортоор оруулахад нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

-3/хялгас ялгасан ноос, ноолуур, хөөвөр, ээрмэл утас болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бага хүүтэй, урт хугацаат, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг олгоход шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг жил бүр бүрдүүлэх;

-4/малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж боловсруулах үйлдвэрт тушаасан сарлагийн хөөвөр, торомны ноосны чанараас хамааруулан мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

-5/байгаль орчинд ээлтэй, тогтвортой бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор бүтээгдэхүүнийг баталгаажуулах хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн хүрээг өргөтгөн олон улсын түвшинд хүргэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацыг хөгжүүлэх, ноос, ноолууран бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж заасан байдаг. Энэ тогтоолын гол үндсэн агуулга нь юу гэхээр дотооддоо нэмүү өртөг шингээсэн, дотоодын үндэсний үйлдвэрлэлийг бий болгох, боловсруулалтын түвшинг нэг шат ахиулах үндсэн гол зорилго юм. Үүнд суусан үндсэн гол заалт маань 2023 оноос хэрэгжинэ. Засгийн газар хэрэгжүүлж эхлэхдээ хялгас ялгахаас доод түвшний буюу түүхий ноолуурыг экспортод гаргахыг хоригло, харин хялгас ялгахаас дээш боловсруулалт хийсэн, угаасан, самнасан ноолуурыг гаргаж болно гэж үзсэн. Боловсруулалт хийсэн ноолуурын үйлдвэрийг барихад шаардлагатай тоног төхөөрөмжийг Монгол улсад оруулж ирэхэд гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх тогтоол батлагдсан. Энэ нь нэг талаараа түүхий ноолуураа экспортлохыг хориглож, дотооддоо нэг шат ахисан үндэсний үйлдвэрлэлийг бий болгоход тухайн үйл ажиллагааны тоног төхөөрөмжийг нь оруулж ирэхэд улсаас гааль, татвараар нь дэмжиж байна гэж ойлгож болно. Ингэснээр ирэх хоёр жилд үндэсний үйлдвэрлэлээ бий болгох, жил жилдээ нэг үе шат ахиулан магадгүй 2025 оноос хойш хялгас ялгахаас дээш боловсруулалт хийсэн, утас ээрсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг дэмжсэн үйл явцыг хийгээд явахад алсдаа монгол улсад үндэсний үйлдвэрлэл, эцсийн бүтээгдэхүүн бий болох, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл бодитоор бий болох боломж бололцоо бүрдэнэ гэж харж байна. Эндээс харахад уул уурхайн салбартаа ч тэр, ХАА-н салбартаа ч тэр, бусад бүх боловсруулах салбартаа ч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй түүхий эдээ түүхийгээр нь гаргаж бусад улс орнуудын түүхий эдийн бааз бэлтгэн нийлүүлэгч, хангагч болсон дүр зураг харагдаж байгаа. Энэ нь сүүлийн 10,20 жилийн төрийн бодлогын хамгийн том алдааны нэг юм. Тиймээс энэ байдлыг бид зайлшгүй өөрчлөх ёстой.

-Манай ноолуур дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн хэдэн хувийг бүрдүүлдэг юм бол?

-Хамгийн гол үр дүнтэй, ашигтай, ач холбогдолтой салбар бол ноос, ноолуурын салбар. Тэр дундаа монгол улсын хэмжээнд үйлдвэрлэж байгаа ноолуурын тоо хэмжээ дэлхийн зах зээлийн түүхий ноолуурын 40 орчим хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр үндсэн нийлүүлэгчийн хувьд өөрсдөө үйлдвэрлэгч болох зайлшгүй шаардлагатай байна. Монгол Улсын хилээр гарч байгаа ноос, ноолууран бүтээгдэхүүний 90- 95 хувь орчим нь түүхийгээр гарч, харин дотооддоо дөнгөж 4-5 хувиар нь л нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнийг өөрчлөхийн тулд ноолуурын экспортыг тодорхой хэмжээнд хязгаарлаж, үндэсний ААНүүд болон гадны түүхий эд худалдан авагч нартаа төрийн бодлогоо тунхаглан зарлаж, хязгаарлалтуудаа хийх ёстой гэж харж байна.

-Зарим улстөрчид энэ тогтоол хэрэгжихтэй холбоотой буцаах саналыг хүргүүлэх талаар яригдаж байна. Шалтгаан нь хавар болохоор ноолуурын үнэ унаснаар малчдын санхүүд хүндрэл учирна, ноолуурын зах зээлд эргэлдэж байгаа мөнгөн урсгал саарна гэх мэт сөрөг нөлөөллийг тооцож байх шиг байна. Тэгэхээр таны хувьд юу гэж харж байна, буцаах үндэслэл хэр оновчтой вэ?

-Миний хувьд буцаах саналыг дэмжихгүй, учир нь би УИХ-ын тогтоолын төслийг санаачлагч нь. Бид мэргэжлийн холбоод болон ноос ноолуурынхантай, ХАА-н салбарынхантай, малчидтай ч энэ асуудлыг ярьсан. Алсдаа бид ноос, ноолуур, түүхий эдийнхээ үнийг 100 мянгаас дээш болгоё, нэмүү өртөг шингээе гэвэл энэ бодлогыг хийж хэрэгжүүлэхээс өөр гарц шийдэл байхгүй. Мэдээж худалдааны бодлогын зохицуулалтыг хийхэд эхний ээлжинд “өвдөлт” мэдрэгдэнэ. Магадгүй манай түүхий эдийг худалдан авдаг гадны хэрэглэгчид бойкот зарлан, түүхий эд худалдан авахгүй, манай зах зээлд орж ирэхгүй байх эрсдлүүд үүсэж болзошгүй. Үүнийг давж гарах ёстой. Ноос ноолуурынхаа салбарыг дэмжих, тодорхой үнийн бодлогыг баримтлах зохицуулалтуудыг хийхэд өмнө нь Монголбанкны болон Засгийн газрын зүгээс хийх тодорхой дэмжлэг, тотац, урамшууллуудыг өгч байсан, одоо ч шаардлагатай үед шийдэх л болно. Энэ удаагийн тогтоол цэвэр үндэсний үйлдвэрлэлээ хамгаалсан, зах зээлээ хамгаалсан, түүхий эдийг нэмүү өртөг шингээх гэж зорьж байгаа бодитой шийдэл учраас ямар ч асуудлыг тэвчээд гарах ёстой гэж харж байгаа.

-Нүүрсийг биржээр худалдах хууль батлагдлаа. ХАА-н салбарт ч мөн ХАА-н бирж байгуулагдаад олон жилийн нүүрийг үзэж байгаа боловч жинхэнэ утгаараа ажиллахгүй байна. Хувийн хэвшилд дэмжлэг үзүүлэхгүй, үндсэн арилжаа явуулахгүй байна гэсэн маш их гомдол байдаг. Таны хувьд энэ биржийн үйл ажиллагааг хэр бодитой гэж хардаг вэ?

-ХАА-н биржийн тухай хууль УИХ дээр хэлэлцэгдээд явж байгаа. Энэ бирж сүүлийн 10 жил яагаад хөгжсөнгүй, яагаад түүхий эдийн үнэ бодитоор нэмэгдэхгүй байна, яагаад малчдад үр өгөөжөө өгөхгүй байна, яагаад энэ салбартаа хөгжил дэвшлийг авчрахгүй байна гэсэн асуудлууд байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл нь засаглал болон тогтолцоотой холбоотой асуудал. Нэг талаар төр бүх зүйлд оролцдог, ХАА-н биржийг ч төр, төрийн өмчийн компанийн хэлбэрээр явуулах ёстой гэсэн хандлага буруу. Одоо хэлэлцэж байгаа ХАА-н биржийн хуулийн гол концепци, үндсэн өөрчлөлт маань бол илүү ХАА-н салбарт оролцож байгаа оролцогчдыг хамруулсан, тухайн хэвийн хэвшлийн болон мэргэжлийн холбоод өөрсдөө салбарынхаа биржийн, худалдааны, борлуулалтын, түүхий эдийн бодлогын асуудлуудыг аваад явах эрхзүйн орчныг бүрдүүлэх ёстой гэж харж байна. Нөгөөтэйгүүр төрөөс дэмжих зүйл ч байна. Тухайлбал, тухайн түүхий эдийн баталгаажуулалт, стандарт, лаборатори, хил гааль, тээвэр ложистик, асуудлуудыг шийдэх ёстой. Мөн лаборатори болоод түүхий эдийн чанарын баталгаажуулалтын системт бүтцээс гадна хоёр дах том асуудал маань хадгалалт бөгөөд агуулах, зоорь. Үүнийг төрөөс тодорхой хэмжээний татварын, худалдааны болон тотац, урамшуулал, дэмжлэгээр зохицуулалтыг хийх ёстой. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хүнсний болон ХАА-н салбарт түүний хангамж, хүртээмжийн асуудлыг голлон анхаарч байгаа бол энэ салбарыг дэмжихийн тулд агуулах, түүхий эдийг баталгаажуулах лабораторийн асуудлыг төрөөс бодлогоор дэмжиж, хийх ёстой гэж харж байгаа. Ингэж байж цаашдаа ХАА-н бирж маань хөгжлийн замдаа орно. ХАА-н биржийн хоёр гол үндсэн тулгаар, хөл болсон агуулах, лабораторийн асуудлыг бодлогын түвшинд шийдэх ёстой.

                                       

                                                                                      ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН