С.Батжаргал: Орхон аймаг “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрхэн хэрэгжүүлэх талаар судалгаа хийж байна

Улс төр

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалтай “Шинэ сэргэлтийн бодлого”, тус аймгийн нийгэм эдийн засгийн байдал, цахим хөгжлийн талаар ярилцлаа.

-Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж эхэлсэн. Орхон аймаг манай улсын үйлдвэр, технологийн томоохон төвийн нэг. Тэгвэл дээрх бодлогод танай аймаг хэрхэн оролцохоор төлөвлөж байгаа вэ?

-“Шинэ сэргэлтийн бодлого” бол “Алсын хараа-2050” бодлогын бичиг баримтын эхний 10 жилд хийх ажил гэж хэлж болно. Энэ бодлогод аймаг, орон нутаг бүр өөрийн нөөц бололцоонд тулгуурлан оролцох ёстой. Манай аймагт улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг аж үйлдвэр байдаг. Бас Булган, Сэлэнгэ гээд мал аж ахуй, газар тариалан хөгжсөн аймгуудтай хил залгадаг, зам харилцаа, дэд бүтэц сайн хөгжсөн аймаг. Ийм учраас энэ онцлог, давуу талаа ашиглаж “Шинэ сэргэлтийн бодлого”-д оролцох учиртай. Тэгээд Орхон аймгийн нөөц боломж ямар байгаа талаар судалгаа хийж эхэлсэн. Үүнд Засгийн газар болон Орхон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-д Орхон аймагтай холбоотой ямар зүйл заалт байгааг чухалчилж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-д Засаглал, Ногоон хөгжил, Хот хөдөөгийн хөгжил, Аж үйлдвэрийн хөгжил гээд Хилийн боомтоос бусад таван зүйл дээр Орхон аймагт хамаарал бүхий заалтууд байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэх боломж нөөц бас манай аймагт бий. Ийм учраас манлайлж ажиллах сонирхол Орхон аймагт байна

-Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн байдал ямар байна. Сүүлийн жилүүдэд “Ковид-19” цар тахлаас шалтгаалж дэлхий нийт, улс орны эдийн засаг хүндэрсэн шүү дээ?

-Орхон аймаг бор уулынхаа буян, уурхайчдынхаа хүч хөдөлмөрөөр эдийн засгийн хүндрэлийг харьцангуй хохирол бага даван туулж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон хөл хорионы хатуу дэглэмийн үед татварын орлогоо давуулан биелүүлж чадсан. Манай аймгийн татварын орлогын 94 орчим хувь нь “Эрдэнэт” үйлдвэрээс бүрддэг. Тухайлбал, Хүн амын орлогын албан татвар, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар зэрэг багтдаг. Үүнээс гадна манай аймаг хоёр цахилгаан станцтай. Эдгээр цахилгаан станцын хүчин чадлыг Засгийн газрын дэмжлэгээр нэмэгдүүлсэн. Ингээд Орхон аймгийн хувьд цахилгаан, дулааны үйлдвэрлэлээр улсын хэмжээнд өрсөлдөх чадвар сайжирсан юм. Энэ бол чухал үзүүлэлтийн нэг. Уул уурхайн салбараас олж буй орлого өнөөдөр манай улсын эдийн засгийг бүрдүүлж байгаа. Тэгээд эндээс олж буй мөнгийг Монгол Улсынхаа тогтвортой хөгжилд яаж зарцуулах талаар ярьж байна. Шавхагддаг баялгаа ирээдүйн хөгжлийнхөө гол суурь, үндэс болгох нь чухал. Энэ бол Орхон аймгийн ирээдүйтэй салшгүй холбоотой асуудал. Иймд уурхайчдын хүч хөдөлмөрөөр бий болж байгаа энэ орлогыг цаашдын хөгжилдөө зөв зарцуулах учиртай юм. Бүс нутагтаа манлайлах, урт удаан хугацаанд хөгжин цэцэглэх боломжид тулгуурласан олон гарц, шийдлүүд гарна гэдэгт итгэлтэй байна. Орхон аймаг өөрөө энэ чиглэлийн судалгаатай, “Шинэ сэргэлтийн бодлого-Бүс нутагт” сэдэвт хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн. Бас Орхон аймагт “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглээд “Үйлдвэр технологийн парк” байгуулах болсонд бид талархаж байгаа.

-Орхон аймаг дэд бүтэц, зам харилцаа сайтай учраас иргэдийн шилжилт хөдөлгөөн нэлээд их байдаг байх. Тэгвэл ажилгүйдлийн түвшин ямар байна вэ?

-Ажилгүйдлийн үзүүлэлт ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсийн тоотой уялдаж гардаг тул харилцан адилгүй байдаг. Орхон аймагт өнгөрсөн жил ажилгүйдэл огцом буурсан үзүүлэлт гарсан. Сүүлийн таван жилийн үзүүлэлтийг аваад үзвэл Улаанбаатар хотоос шилжин ирж бизнес эрхлэх болсон. Үүнтэй холбоотой ажилгүйдэл буурч байгаа тал бий. Бид Засгийн газар, ХНХЯ-наас баримталж буй ажилгүйдлийг бууруулах бодлогын хүрээнд тодорхой ажил хийж байна. Тухайлбал, “Халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлогын хүрээнд холбогдох газруудтай хамтран ажиллаж байгаа. Засгийн газраас ямар бодлого чиглэл гаргав гэдгийг анхаарч тухайн асуудлыг хариуцсан яамтай хамтран ажиллаж ирлээ. Ажилгүйдлийн түвшин буурсан үзүүлэлт гарсан хэдий ч бодит байдал дээр хөдөлмөрийн насны хүмүүсийн дунд судалгаа явуулахад ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн хүний тоо хэвээрээ байна. Орхон аймаг “Эрдэнэт” үйлдвэрээс хараат бус эдийн засагтай байх, жижиг дунд бизнесийг дэмжих, зам харилцаа, дэд бүтцээ ашиглаад аялал жуулчлал хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Энэ нь ажлын байр нэмэгдүүлэх бас нэг боломж юм.

-Та жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд анхаарч байгаа гэлээ. Энэ талаар ямар ямар ажил хийж байна вэ?

-Шинжлэх ухаан технологийн паркаар дамжуулаад тодорхой төслүүдийг шалгаруулж хүүгүй, барьцаагүй зээл олгож бизнесийг дэмжих бодлого баримталж байна. Үүнээс гадна бизнес хийхэд, бизнесээ эхлүүлж буй хүмүүст ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна, үүнийг яаж даван туулах вэ гэсэн сургалт, судалгаа хийдэг. Үүнийг олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Германы хамтын ажиллагааны GIZ нийгэмлэгтэй хамтран Бүсийн бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх сургалтын төв байгуулсан. Үүнийгээ түшиглээд тодорхой бизнесийн орчинтой холбоотой судалгаа хийх болсон. Мөн бизнес эрхлэгчдэд тогтмол сургалт явуулж байна. Ингэснээр бизнес нь тогтмол өсөлттэй байх боломж бүрдлээ. Судалгаанаас үзвэл аливаа бизнес тодорхой амжилтад хүрсний дараа заавал урууддаг дүр зураг, график бий. Энэ нь мэдлэг мэдээлэл, сургалтгүйгээс шалтгаалж байгаа юм. Бид “Хүнээ хөгжүүлж байж улс орон хөгжинө” гэсэн бодлого чиглэл баримтлан ажиллаж байна.

-Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатанд байна. Энэ жил ямар ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ?

-Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бидний ажлыг дүгнэдэг. Өнгөрсөн онд төлөвлөсөн ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай гарсан. Бид энэ онд цахим орчин, аж үйлдвэрийн IV хувьсгалд Орхон аймаг хэрхэн оролцох ажил эхлүүлэх, зарим үр дүн гаргахыг зорьж байгаа. Мөн иргэдээс санал авч төрийн бодлогод идэвхтэй оролцуулах арга хэмжээ авч байна. Ингэснээр татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах, засаглалаа сайжруулах талаар анхаардаг. Ер нь цаасан дээрх бодлого биш илүү бодит ажил байх ёстой гэж үзэж байгаа юм.

-Орхон аймагт “Цахим шилжилт” мэдээллийн технологийн арга хэмжээ анх удаа зохион байгуулагдаж байна. Арга хэмжээний ач холбогдол, үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Орхон аймаг анх удаа IT, цахим бизнес, мэдээлэл технологийн үзэсгэлэн зохион байгууллаа. Сүүлийн үед Аж үйлдвэрийн IV хувьгсал дэлхий нийтэд эрчимжиж маш хурдацтай хөгжиж байна. Цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч явагдаж буй тул аж үйлдвэрийн бусад хувьсгалаас ялгаатай. Түрүүлж алхах, түрүүлж амжилт гаргах нь монголчуудын нэг амбиц гэхэд болно. “Шинэ сэргэлтийн бодлого”-д Засгийн газраас санаачилсан цахим засаглал, IT технологитой холбоотой тусдаа бүлэг бий. Үүнд нийцүүлж ажиллахын тулд Орхон аймаг үйлдвэр, инженер, залуусын хот учраас манлайлах ёстой. Мөн бид 2020-2024 оны хэрэгжүүлэх хөтөлбөртөө “Ухаалаг Эрдэнэт” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Ингээд “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөр хэрэгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсад байгаа IT технологийн инженер, компаниудтай хамтарч ажиллах зайлшгүй шаардлага бий. Өргөн хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, инженерүүдтэй хамтарч ажиллах юм бол илүү өгөөжтэй гэж үзэж байна. Цаашлаад Аж үйлдвэрийн IV хувьсгал, цахим шилжилттэй хөл нийлүүлж алхахын тулд энэ салбарт хийгдэж байгаа технологийг инженер, ажилчдадаа танилцуулах зорилгоор жил болгон ийм арга хэмжээ зохион байгуулна. Ингэснээр бүс нутгийн хэмжээнд цахим технологийн ойлголт, хэрэглэж байгаа хүмүүсийн тоо, нэвтрүүлж буй үйл ажиллагаа эрчимжих болно. Үүний үр дүнд орон нутгийн эдийн засагт тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ хэмээн харж байна.

-Тэгвэл “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийн хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрөө батлаад зургаан салбарт ямар ч байсан ухаалаг хэрэглээ, зохицуулалтыг нэвтрүүлнэ. Хамгийн түрүүнд төрийн үйлчилгээ цахимжих ёстой. Эрүүл мэнд, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбаруудыг цахимжуулна. Үүнд хүрэхийн тулд хөрөнгө оруулалтын хуваарийг гаргасан. Одоо хамтарч ажиллах компаниудыг урьж хэлэлцэх ажил зохион байгуулж байна.

-Та Аж үйлдвэрийн IV хувьсгалыг илүү чухалчилна гэлээ?

-Аж үйлдвэрийн IV хувьсгал, цахим шилжилт яагаад үүнийг онцлоод, яагаад үүнийг нэвтрүүлэх ёстой гэвэл бид өнөөдөр илүү нээлттэй, ойлгомжтой, түргэн шуурхай харьцах шаардлага байгаа юм. Нийгэм хурдацтай хөгжиж байна. Бид ч адилхан хөгжих ёстой. Үүний тулд “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийг түргэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн юм. Ингэснээр цаг хугацаа хожно. Цаг хугацаа хожсоноор бид амжилт гаргаж, эдийн засаг дээшилж хүмүүст үр өгөөжөө өгч чадна. Цахим технологийг дамжуулсан гарааны бизнесүүд, компаниуд гарч ирнэ. Илүү хөгжил бий болно гэж үзэж байна.

-Орхон аймгийн иргэд өнөөдөр төрийн хэчнээн үйлчилгээг цахимаар авч байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд “E-Mongolia” систем үйл ажиллагаагаа явуулж байна. Орхон аймаг энэ системд 70 гаруй үйлчилгээ оруулаад байгаа. Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийн ажлыг шуурхай хийж эхэлсэн. Үүнд яамдууд босоо түвшинд маш олон цахим шилжилтүүд хийж үр дүн сайн байгаа. Иймд Орхон аймгийн хэмжээнд ямар цахим шилжилтүүд хийх ёстой вэ гэдэг дээр анхааран ажиллаж байна.

-Шинжлэх ухаан, цахим шилжилт хоёрын уялдааг хэрхэн хангаж байгаа вэ?

-Хөрөнгө оруулъя, ажил хийе гэж байгаа бол судалгаа хийх хэрэгтэй. Судалгаа өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй байж цаашаа төлөвлөгөө зөв гарна, ажил сайн болно. Тийм учраас шинжлэх ухаантай хосолсон хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлж эхлүүлбэл Орхон аймаг болоод бүс нутгийн нийгэм, эдийн засаг, бизнес эрхлэлтэд томоохон дэвшил гарна гэж үзэж байна. Үүний тулд 2020-2024 онд хэрэгжүүлэх төслүүд илүү нарийн төлөвлөгөө судалгаатай, үр дүн, урт хугацаатай байх эцсийн зорилго тавьсан юм.

-Орхон аймагт шинэ технологид суурилсан цахим бизнесийн хөгжил хэр байна. Гарааны бизнес хөгжүүлэгч залуучууд ухаалаг системийг дэмжих тал дээр нь аймгийн Засаг даргын тамгын газар хэрхэн ажиллаж байна вэ?

-Монгол орон даяар шинэ технологид суурилсан бизнес эхэлж байна. Ямар ч байсан ЕБС-ийн түвшинд олон цахим сургалтууд явуулж байгаа. Хувь компани, залуучууд нэгдээд гарааны бизнесийг хөгжүүлж, шинэ боломжуудыг нээх болсон. Цар тахлын үед залуучууд нэгдэж ухаалаг хүргэлт, иргэдтэйгээ түр харьцах ухаалаг системүүд бий болголоо. Бид манлайлж уриалан дуудаж байна. Боломж хаана байна тэр болгоныг Орхон аймагтаа танилцуулж байх ёстой. Ийм учраас жил бүр цахим хэрэглээний ач холбогдол, хэрхэн яаж ашиглах талаар танилцуулан сурталчлах боломжийг бүрдүүлж байна.