Б.Жавхлан: Иргэд сар бүр зээлийн эргэн төлөлтөө хийгээд явах учиртай

Улс төр

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах саналыг УИХ дахь МАН-ын бүлэг гаргаж, Ажлын хэсэг судалж буй. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсөв, мөнгөний бодлого батлагдлаа. Уг баримт бичгүүдэд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах асуудалд зориулж нэг ч төгрөгийн төсөв суугаагүй. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг нар өчигдөр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр 2023 оны төсөв батлагдсаны дараа Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны нэгдүгээр сараас ипотекийн зээл авсан иргэд зээлээ хэвийн төлөөд явна гэж мэдээллээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Ипотекийн зээлийн асуудал дээр Засгийн газар маш тодорхой байр суурьтай байгаа. Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр "Ковид"-ийн хуулийн хугацаа дуусахтай зэрэгцээд маш олон эдийн засгийн зохицуулалтууд дуусна. Тэдгээрийн нэг нь ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байсан горим дуусах юм. Тэгэхээр 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс хэвийн хуваарьтаа ороод явна. Иргэд сар бүр зээлийн эргэн төлөлтөө хийгээд явах учиртай.

Ипотекийн зээлийг Монголбанк оператор хийж удирдаж буй схемд өөрчлөлт орж Засгийн газар оператор хийж явна. Ингэхдээ санхүүжилтэд өөрчлөлт орохгүй. Яваандаа энэ үйл ажиллагаанд Засгийн газар ч оролцох шаардлага гарахгүй. Зах зээлийнхээ горимоор өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах бүрэн боломжтой” гэлээ.