Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ААН-ын хэрэглэсэн цахилгаан, дулааны үнийг 28 хувиар нэмж байж энэ өвлийг давна

Улс төр

   Эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж буй мэдээлэл гарах болсон. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах байр сууриа илэрхийлж ирэх сарын 1-нээс аж ахуй нэгжийн цахилгааны үнийг нэмнэ хэмээн мэдээллээ.

-Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Эрчим хүчний салбар энэ жилийн байдлаар 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоо гараад байна. Үнэ тарифыг нэмэхээс өөр арга алга. Эсвэл ирэх оны төсөвт 300-400 орчим тэрбум төгрөгийн татаас суулгах нэг сонголт бий. Яахав энэ өвлийг нэг өнгөрөөх байх. Энэ байдлыг засахгүй бол цаашдаа цахилгаан, дулаантай байх эсэх асуудал үүснэ. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүйгээс энэ салбарын ажилчид дийлэнх нь төрийн үйлчилгээ авч чадахгүй болчихсон. Цар тахлын үед эрчим хүчний салбар байж болох бүхий л нөөцөө шавхаад дууссан. Тиймээс хүнд хэцүү шийдвэр гаргана. Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс албан байгууллагын цахилгаан, дулааны үнийг нэмнэ. Үүнийг сайн зүйл гэж бодохгүй байна. Ахуйн хэрэглээний үнэ тарифыг нэмж чадахгүй байгаа. Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг 2019 онтой харьцуулахад нийт өртөг нь 28 хувиар нэмэгдсэн.

-Ахуйн хэрэглээний үнэ тарифыг нэмж чадахгүй байгаа гэлээ. Эрчим хүчний тарифыг ямар байдлаар нэмэх вэ?

-Ахуйн хэрэглээний буюу айл өрхийн эрчим хүч, дулааны үнийг эхний ээлжинд нэмэхгүй. Харин ААН-ийн хувьд 5000 кВт хүртэлх хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй бол 28 хувиар төлбөрийг нэмэгдүүлж тооцно. Мөн уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефоны операторууд, архи үйлдвэрлэгчид, криптовалютын үйлчилгээ үзүүлэгч гэх мэт санхүүгийн ачааллыг дааж чадах байгууллагууд 200 мянган кВт хүртэл 28 хувь, үүнээс дээш хэрэглээнд нь 38 хувийн нэмэгдэл тооцох талаар Сангийн сайдтай ярилцсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс төсвийн байгууллагуудын дулааны үнийг 28 хувиар нэмэгдүүлнэ. Цахилгааны үнийг мөн ялгаагүй дээр дурдсан тарифаар нэмэгдүүлнэ. Энэ асуудлыг шийдэх юм бол энэ өвлийн ачааллыг давна. Иргэдийн хэрэглээний тарифыг нэмэхгүй байгаа шалтгаан нь иргэд дөнгөж хямралаас гарч байна. Тиймээс дараагийн нэмэлтийг эдийн засгийн өсөлт тогтворжиж, өсөлт эхэлсэн жилд нэмнэ. Гэхдээ хөгжингүй орнуудад ахуйн хэрэглээ өндөр байдаг, эсрэгээрээ аж ахуй нэгжийн хэрэглээний үнэ хямд байдаг. Аргагүй эрхэнд энэ салбарыг дампууруулчихгүйн тулд дээрх арга хэмжээг авах гэж байна. Ерөнхийдөө уг нэмэлтээр 280 орчим тэрбум төгрөг орж ирэх тооцоо гарсан. Багануурын уурхай тонн нүүрсийг 35 мянган төгрөгөөр зарж байгаа. Өөрийнх нь өртөг 46800 төгрөг. Шивээ-Овоогийн нүүрсийг 29 мянган төгрөгөөр зарж байгаа нь ямар хэмжээний алдагдалтай явааг харуулж байгаа юм. Улстөрч хүний хувьд сайд болсноор салбартаа том төслүүд хэрэгжүүлэхийг зорьж, дараа нь үнэ нэмэхийг бодсон. Харамсалтай нь ажлаа аваад салбарынхантайгаа уулзахад “сайдаа та гоё юм яриад хэрэггүй, эхний ээлжид тарифыг нэмэгдүүлж, алдагдлыг бууруулаач ээ” гэдгийг бүх түвшинд хэлж байна.