2023 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛТЭЙ 15293 ИРГЭН ТАНИЛЦАЖ, 794 САНАЛ ИРСЭН БАЙНА

Улс төр

  Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах ажлыг 10 сарын 7-оос 10 сарын 17-ны хооронд 10 хоногийн хугацаанд зохион байгуулж, өнөөдөр иргэд, мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчдийн оролцоог хангаж нийт 800 гаруй оролцогчидтойгоор "ТӨСӨВ-2023" хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж байна.

Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 68,641 иргэн D-Parliament цахим системд хандаж, 15,293 иргэн төсвийн төсөлтэй танилцаж, 2023 оны төсвийн төсөлд 794 санал ирсэн байна.

Бид иргэн бүрийн саналтай нэг бүрчлэн танилцаж өнөөдрийн хэлэлцүүлэгт тусгасан бөгөөд санал өгсөн та бүхэнд талархал илэрхийлье. Энэ нь товчхондоо Үндсэн хуулийн 3.1-т заасны дагуу ард түмэн засаглах эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр юм. 

Хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт санал, зөвлөмжийг нэгтгэн тун удахгүй хүргэх болно.