МОНГОЛ ХҮН БҮРИЙГ АЖИЛ ЭРХЛЭХ БОЛОМЖООР ХАНГАХ БОДЛОГЫГ 2023 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ТУСГАЛАА

Улс төр

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” сэдэвт хэлэлцүүлэгт Сангийн сайд Б.Жавхлан оролцож 2023 оны төсвийн жилд баримтлах Засгийн газрын бодлого, чиглэлийг танилцууллаа. Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус хөдөлмөр эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” шилжих шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, халамжийг зөвхөн нэн шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх зорилтыг төсвийн бодлогын нэг хэсэг болгож байна.

Ковид-19 цар тахлын үед Засгийн газраас татвар, НДШ-ээс чөлөөлөх, цахилгаан, дулаан, ус, хог хаягдлын төлбөрөөс чөлөөлөх зэргээр бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн.   Түүнчлэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх, ажлын байрыг хадгалах зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж 5.3 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг банкуудын чөлөөт мөнгөн эх үүсвэрээс олгосноор нийт 375.5 гаруй мянган ажлын байрыг хадгалсан байна.  

Цаашид цар тахлын дараах эдийн засгийн бодлогод анхаарч бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн таатай орчныг бүрдүүлэх замаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлж, Монгол хүн бүрийг ажил эрхлэх боломжийг хангахад чиглэсэн дараах арга хэмжээг 2023 оны төсвийн төсөлд тусгаад байна. Үүнд:

1. Гадаад болон дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээлийн таатай орчныг бий болгох зорилгоор ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжих хувьцаанд хөрөнгө оруулсан этгээдийн ногдол ашгийн суутган татвар гадаад 20 хувь, дотоод 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулах;

2. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх;

3. Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг IPO хийж нээлттэй хувьцаат компани болохыг дэмжих зорилгоор IPO гаргахтай шууд холбогдон гарах зардлыг 20 хувиар нэмэгдүүлж, aж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасаж тооцох;

4. Инновацын тухай хуульд заасан гарааны компанийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас бүрэн хөнгөлж байгааг 5 жил болгох;

5. Мэдээллийн технологийн компаниудыг дэмжих зорилгоор программ хангамж ашиглах, сервер түрээслэхтэй холбоотой гадаад улсад шилжүүлсэн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5 хувь болгох.

Мөн хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг сайжруулах, хэт төвлөрлийг сааруулах, орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Засгийн газраас санаачлан батлуулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төсөлд орлого олж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд 90 хувиар, дараагийн 3 жилийн хугацаанд 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ. Улмаар Нийслэл хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон болон орон нутагт ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх юм.