Сэтгэл сайтай монголчууд сайхан аялж, зугаалж байна  

Нийгэм, Эдийн засаг

М.Даваа

Зуны дэлгэр цагаар хүн,  малын зоо тэнийж  өнгөрсөн жилийнхээ ядаргаа, стрессээ тайлан өөр өөрсдийн боломж, эдийн засагтаа тохируулан гадаад, дотоодод аялж амардаг билээ. Наадмын урт амралт бол яахын аргагүй бидний хүсэн хүлээдэг аялал зугаалгын цаг. Цар тахлын дэгдэлт намжсан энэ цаг үед  аялал зургаалгаар явах хүмүүсийн тоо  өмнөх  жилүүдээс улам нэмэгдсэн нь  тодорхой харагдаж байна.   Тодруулбал, зуны болон наадмын амралтаар иргэд ийш тийш зугаалж өөрсдийн амралт аяллыг сошиалаар бусадтай хуваалцаж байгаа нь бүр олон байгаа юм. Энэ бүхнийг ажиглаж байхад аялал зугаалгаар яваа иргэдийн ухамсар, соёл жилээс жилд дээшилж байгаа нь анзаарагдана.

Учир юу гэвээс байгальд хаяж байгаа хог хаягдал багасч, тарьсан хогоо ачаад авч явнаа гэсэн пост зураг энд тэндгүй хөврөх нь хамгийн эхний сайхан үйл хэрэг, мэдээлэл байв. Дараагийн бас нэг сайхан нь хүмүүс замд ямар нэгэн байдлаар саатсан нэгэндээ харамгүй тусалж байгаа явдал юм. Шаварт суусан машинаа орхиод явсан байхад нь татаж гаргаад ”Машинаа ирж аваарай. Шавраас гаргаад орхилоо” гэсэн пост ч явж байлаа. Мөн  дугуй нь хагарсан нэгэндээ нөөц дугуйгаа авч өгчихөөд утасны дугаарыг нь ч авахгүй давхиад явчихлаа, үнэхээр их баярлалаа гэсэн бол хаа тэртээ Баян-Өлгийд зорчиж яваа жирэмсэн, нялх хүүхэдтэй иргэд болон өндөр настай хүмүүсийг өөрийн гэр орондоо   үнэгүй хонож өнжөөд яваарай гэж урьж буй тэр нэгэн сайхан сэтгэлт эмэгтэйн пост байлаа. Энэ мэтээр бие биенээ туслаж дэмжсэн сайхан сэтгэлийн үзүүрт нь шар тос хөвсөн постууд хаа сайгүй. Эдгээрээс харахад  бид одооноос соёлтой аялах, амрах, бие биендээ тус болох гээд нэлээдгүй зүйлд суралцаж эхэлж байгаа нь үнэхээр сайшаалтай. Ийм пост хэвийн үзэгдэл мэт болох сайхан цаг нэг их удахгүй гэдэгт итгэж байна. Хэдийгээр эдийн засгийн хямралтай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт тэнгэрт хадаж байгаа ч монголчуудын сайхан сэтгэл улам дэлгэрч аян замд алжааж ядарсан нэгэндээ  өөрөөсөө илүүчилж тус дэм болж явна.

Харин манай дээдчүүл, томчуудын баяр ёслолын үйл ажиллагаа биднийхээс тэс өөр. Хэтэрхий тансаг болдог болж буй нь баяр наадмын үеэрх постоос тод харагдлаа. Эдийн засаг хямарсан энэ цагт тэд нэг оройн зугаа цэнгэлдээ бидний төлсөн татварын мөнгөнөөс хэд хэдэн тэрбумаар нь зарлагдахаа юман чинээ ч бодохгүй байгаа нь харамсалтай. Тэнд цуглаж идэж уугсад нь өөрсдийгөө урлаг соёлын, сошиалын тэргүүлэгч одод хэмээн  бодсон нөхдүүд харагдах юм. Сонгууль бүрээр л дарга нарын хойно урд орж гүйдэг хүмүүс гэдэг нь илт.

 

Эсрэгээрээ цар тахлын хүнд үед ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө амь нас, бүхий л хүч хөдөлмөрөө зориулсан эрүүл мэндийн салбарынхан, улс эх орныхоо эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж буй уул уурхайн салбарынхан, баялаг бүтээгчид уригдаж очсон бол яах вэ гэхсэн. Мөн аливаа үйл явдал, гай гамшигт хамгийн түрүүнд очдог онцгой байдал, цагдаагийн албан хаагчид ч төрийн хүндлэл, цайллагад очих эрхтэй. Наадмын өдрүүдээр хэдэн бор цагдаа нар хурдан морины хашаа налан түр зуур нүдний хор гаргаж буй зураг  пост ч харагдана лээ. Бас онцгой байдлын албан хаагчид завьтай эргүүлж хийж амарч зугаалж яваа иргэдийн аюулгүй байдлыг хангаж байсан билээ. Ямартай ч эрх баригчид, дарга нарын тансаглалыг бодвол энэ жилийн наадам сайхан болж өнгөрлөө. Дараа дараа жилийн наадмууд сайхан болж аялж зугаалж яваа хүмүүс улам элгэмсүү, байгаль орчиндоо ээлтэй байх болтугай.