Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай анхны хэлэлцүүлэг боллоо

Улс төр

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хийсэн. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2021 оны гуравдугаар 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2022 оны долдугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс боловсруулсан согтууруулах ундааны хатуулгыг 2029 оныг хүртэл үе шаттай бууруулах, үүнтэй холбоотой согтууруулах ундаанд онцгой албан татварын ялгамжтай бодлого хэрэглэх талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналыг 2022 оны долдугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн талаар танилцуулгадаа дурдлаа. Уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно.” гэж заасныг үндэслэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. Ийнхүү онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулахаар хурал өндөрлөв.

“Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд даргалж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.

Уг Хуралдаанаар  Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүнээс 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. 

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үеэр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг нэмэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь  дэмжсэн. Иймд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.