Прокурортой цаг товлон биечлэн уулзах боломжтой болов

Улс төр

Прокурорын байгууллага  өнгөрсөн онд  улсын хэмжээнд  өнгөрсөн онд иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 17860 өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэжээ. Тухайлбал, Улсын Ерөнхий прокурорын газар өдөрт 10-20 өргөдөл гомдол хүлээн авч, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж байна.

Прокурорын байгууллагаар эрх ашгаа хамгаалуулахаар хандаж буй  иргэд сард 1-3 удаа өргөдөл гомдол гаргах тохиолдол байдаг аж. Энэ бүрд тухайн иргэн прокурорын байгууллагад шуудан илгээх эсвэл биеэр очих шаардлага тулгардаг байв. Иймд иргэдэд прокурорын байгууллагын үйлчилгээг хүртээмжтэй, хялбар болгох үүднээс шинэ үйлчилгээнүүд  нэвтрүүлж  эхэлжээ. Тухайлбал, прокурорын байгууллага иргэд, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогчдын өргөдөл гомдлыг цахим хэлбэрээр авдаг болж байгаа. Ингэснээр өргөдөл гомдлыг хүлээн авсан тухайн нэгж прокурорын байгууллагаас өргөдөл гаргагчийн и-мэйл хаяг руу хариу тэр дор нь илгээх боломжтой болж байна. Үүнээс гадна prokuror.mn сайт руу   нэвтэрч тухайн байгууллагатай холбоотой санал хүсэлтээ чат ботоор дамжуулж мэдээлэх боломжтой. Мөн бид иргэдэд үзүүлдэг үйлчилгээг хялбар болгох зорилгоор Дүнжингарав, Мишээл худалдааны төв дэх Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбарт Прокурорын нэг цонхны үйлчилгээний төвийг шинээр нээхээр болоод байна.

Уг нэг цонхны үйлчилгээний төвөөр иргэд өргөдөл гомдол, санал хүсэлтээ гаргах боломжтой бөгөөд прокурорын байгууллагын чиг үүрэг үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөөг авч болно. Мөн прокурортой биечлэн уулзах, цаг товлох боломжтойгоос гадна Эрүүгийн хэргийн төв архив болон түүний салбар архивт хадгалагдаж байгаа шүүхийн шийдвэр, прокурорын тогтоол зэргийн лавлагаа хуулбар мэдээллийг авч боломжийг бүрдүүлжээ.