Д.Тогтохсүрэн: Сонгуулийн ямар ч тогтолцоо тогтоох эрх УИХ-д бий

Улс төр

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж буй. Тухайн асуудлаар УИХ-ын гишүүдээс зарим зүйлийг тодрууллаа.

Д.Тогтохсүрэн:

/УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/

-УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан дүн, тайланг нэг бүрчлэн цаасаар авч нэгтгэж, цуглуулах бүлгийн ажлын хэсэг гарсан. Энэхүү тайлан дүнг авсныхаа дараа бүлгийн ажлын хэсэг хэлэлцэж байнгын хороонд өгнө. Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг энэ бүлгүүд, гишүүдийн санал ирсний дараа нэгтгээд байнгын хороогоор хэлэлцэнэ. Байнгын хорооны дараа шаардлагатай гэвэл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ, шаардлагагүй гэвэл хэлэлцэхгүй. Байнгын хорооны шийдвэр гарсны дараа УИХ-ын дарга байнгын хорооны шийдвэр эсвэл УИХ-ын шийдвэрийг үндэслээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах ажлын хэсэг байгуулах  шийдвэртэй байгаа.

  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх манай намын бүлгийн хэлэлцүүлэг дууссан гэж болохгүй. Хэвлэл мэдээлэл бусад мэдээллийн хэрэгслүүдээр хэлэлцүүлгийн санал бодол чөлөөтэй явж байна. Тодорхой хэмжээнд судалгаа хийгдэж байгаа.  Иргэдийн санал бодлыг тандан судлах ажил хийж  байгаа гэдгийг хэлье. Намын гишүүдийн дунд эсрэг тэсрэг байр суурь байхгүй. Гагцхүү хэлэлцүүлгийг түлхүү хийж, иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй юм.  Иргэд бүрэн мэдээлэлгүй байгаа учраас шууд санал өгөхөд бэлэн биш байна. Тийм учраас иргэдэд хүрэх мэдээллийг илүү сайн өгч, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх санал манай намын гишүүдийн дунд зонхилсон.

  Монгол Улсын 1992 онд батлагдсан Үндсэн хуульд, сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэсэн байдаг. Ингээд явцын дунд дандаа мажоритар тогтолцоогоор явуулж ирсэн. Анх 2012 онд холимог тогтолцоог сонгуульд ашигласан, түүнийх нь дараа маргаан үүссэн. Тэр үед Үндсэн хуулийн Цэц болно гэдэг шийдвэр гаргасан, дараа нь 2016 онд холимог тогтолцоог болохгүй гэх шийдвэр гаргасан. Ингээд үүнээс хойш манайх холимог буюу пропорциональ тогтолцоо авч болохгүй юм байна гэдэг байр суурьд хүрсэн. Тэгтэл Үндсэн хуулийн Цэц саяхан өмнө гаргасан 2012, 2016 оны шийдвэрүүдээ хүчингүй болгосон. Үүнийг би УИХ-ын гишүүний хувьд  Үндсэн хуулийн Цэц 1992 оны Үндсэн хуулиа баримтлаад аль ч тогтолцоо сонгохоо хуулийн дагуу шийдээд  л яв гэсэн шийдвэрт хүрсэн гэж харж байна. Хуулиараа сонгуулийн ямар ч тогтолцоо  тогтоох эрх УИХ-д   байгаа.

Б.Бейсен: Иргэд бараа бүтээгдэхүүн, бензин түлшний үнийг эхлээд шийдэхийг хүсэж байна

/УИХ-ын гишүүн/

-УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо очоод иргэдтэй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хүний эрх, Парламентын чадавхыг дээшлүүлэх, Цаазын ялыг сэргээх, Төрийн сүлдийг өөрчлөх гэсэн асуудлаар уулзаж ярилцаад ирлээ. Иргэд юуны өмнө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бензин түлшний үнэ нэмэгдсэн асуудал хурц байхад та нар яагаад Үндсэн хуулийг өөрчлөх тухай яриад байгаа юм бэ гэж их ярьж байна. Жишээ нь Төрийн сүлдний асуудал дээр бол сүлдийг өөрчилж болно гэхдээ энэ хямралын үед яагаад өөрчилж байгаа юм энд маш өндөр зардал гарна.

Бараг бүх байгууллагын албан бичгийн хуудас, тамга тэмдэг өөрчлөгдөн тэрний мөнгө байн уу, хил хаалттай байхад хэвлэх цаас байн уу гэх мэтийн асуудал тавьсан. Парламентын чадавхыг сайжруулана гээд  УИХ-ын  гишүүдийн тоог 150 болгох нь  хэмнэлтийн горимд шилжсэн цаг үед авцалдаагүй шийдвэр хэрэг биш үү хэмээх санал дэвшүүлж байлаа.

  Мөн өнгөрсөн долоо хоногт ЭЕШ-ууд орон даяар явагдсан. Манай Баян-Өлгий аймгийн хүүхдүүд монгол хэл бичгийн шалгалтад хангалтгүй оноо авсан талаар мэдээлэл гарсан. Үүн дээр ард иргэд Казах, Тува хүүхдүүдэд гуравдугаар ангиас нь эхэлж монгол хэлний хичээл ордог мөн тэдэнд зориулсан сурах бичиг энэ жилээс хэвлэгдэж эхэлсэн. Нөгөө талаас багш нарын сургалтын чанар муу, монгол хэл бичгийн шалгалтын оноог ялгавартай тогтоож өгөхийг асуудлыг ярсан” гэлээ

Ш.Адьшаа: Иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх дээр маш шүүмжлэлтэй хандаж байна

/УИХ-ын гишүүн/

-УИХ-аас тогтоол гарч, Монгол Улсын Үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлтийн талаар гишүүд сонгогдсон тойрогтоо  ажиллаж, ард иргэдэд танилцуулга хийж байгаа. Би Ховд аймагт ажиллаад ирлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл  өргөн баригдаагүй учраас иргэдэд танилцуулах   тодорхой зүйл, асуудал  байхгүй. Ийм учраас иргэд янз бүрийн ойлголттой байна. Тодорхой мэдээлэлгүй танилцуулга хийсэн нь үр дүнгүй ажил боллоо .

Ард иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал дээр маш шүүмжлэлтэй хандаж байна. Мөн сонгуулийн тогтолцооны асуудал дээр ч таагүй хандаж, таалагдахгүй байгаагаа илэрхийлж байсан. Миний хувьд гишүүдийн тоог нэмэх тал дээр дэмжихгүй байр суурьтай байгаа.

С.Чинзориг: Монгол Улсын үндсэн хуульд яг ямар өөрчлөлтийг оруулах талаар иргэд мэдээлэл муутай байгаа

/УИХ-ын гишүүн/

-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хоёр асуудал гарч ирж байна. Нэгдүгээрт:  Үндсэн хуулийн тухай иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, Хоёрдугаарт:  Монгол Улсын Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах гэж байгаа тухай тодорхой мэдээлэл өгч байж саналыг  сонсох нь зүйтэй санагдсан. Учир нь иргэд энэ талаар мэдээлэл муутай байгаа учраас санал бодлоо хэлэх нь хүндрэлтэй байна.

Ерөнхийдөө УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, цаашид УИХ-ын гишүүдийн насны асуудлыг авч үзэх ёстой зэрэг олон асуудлыг ярж байгаа юм.

Өвөрхангай аймгийн иргэдийн тухайд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэрэггүй.  Хэрэв нэмсэн тохиолдолд зуугаас хэтрүүлэхгүй байх саналыг хэлж байгаа юм. Сонгуулийн тогтолцоог холимог болгохтой холбоотой асуудалд иргэдийн санал гээгддэггүй байх үүднээс пропорциональ тогтолцоог авч болно. Гэхдээ намуудад бооцоо тавих нь зүйтэй. Нийт эхчүүдийн гуравны нэгээс дээш хувь нь пропорционалиар  сонгогддог байх хэрэгтэй гэсэн хязгаарлалтуудыг байлгах ёстой гэсэн саналуудыг хэлж байсан.

Засаг захиргааны удирдлагыг боловсронгуй болгох асуудал дээр орон нутагт олон шатны сонгууль болдог, орон нутгийн удирдлагын сонгууль болдог. Иймээс орон нутагт улс төржих, талцах, хуваалцах асуудал их гардаг.

Тиймээс багийн даргыг сумын засаг дарга нь томилдог байх нь зүйтэй байх. Ер нь сумын засаг даргыг иргэд сонгох асуудал яригдаж байгаа. Гэхдээ үндсэн хуулиар Монгол улс нэгдмэл улс гэсэн хуультай үүнтэй зөрчилдөх үү гэдэг асуудал, нөгөө талаасаа удирдлагын ижил зарчим байхгүй бол нэг шатны засаг даргыг томилдог нөгөө шатны засаг даргыг сонгодог байх нь хэрвээ гэдэг асуудлыг анхаармаар юм байна.