Bloomberg: Орос дефолт зарлахад хэдхэн цаг үлдлээ

Дэлхийн мэдээ

ОХУ-ын засгийн газрын бондын 100 орчим сая ам.долларын хугацаа хэтэрсэн төлбөрийн хөнгөлөлтийн хугацаа зургадугаар сарын 27-ны шөнө дуусч байгаа болохоор  төлбөрийн хугацаанд мөнгө нь орохгүй бол хөрөнгө оруулагчид оросыг техникийн хувьд “үүргээ биелүүлэхээс татгалзсан” хэмээн бүртгэж магадгүй болоод байна гэж Bloomberg агентлаг мэдээллээ.

Оросын хувьд өөрөө дефолт зарлахгүй  гэж хэвлэлүүд мэдээлж байна. Bloomberg агентлаг болохоор үүнийг Орост мөнгө хөрөнгө байгаа,  харин тэд төлөхийг хүсэхгүй байна, тэгээд ч Өрнөдийн зүгээс эдний эсрэг тавьсан хориг энэ боломжийг хязгаарлаж байна гэж үзэж байна. “Энэ бол Оросын  гадаад зээлийн тухайд  хаант засгийн үеийн өрийг большевикууд 1918 онд төлөхөөс татгалзаж байснаас хойшхи анхны дефолт” гэж агентлагийн өгүүлэлд дурджээ.

Бонд эзэмшигчдэд төлбөр хүлээн авах зөвшөөрлийг сунгахгүйгээр Оросыг гадаад өрийн үйлчилгээ үзүүлэхийг  АНУ бүр дөрөвдүгээр сард хориглосон юм. Үүний үйлчлэх хугацаа тавдугаар сарын 25-нд дуусч,  Citibank ч төлбөрийн агентлагт үүргээ долларын үнэт цаасаар төлөхөөс татгалзаж, харин Сангийн яам энэ боломжийг Үндэсний төлбөр тооцооны төвд шилжүүлсэн юм.

ОХУ-ын агентлаг 2026, 2036 онд дуусгавар болох ёстой байсан доллар, еврогийн бие даасан хоёр удаагийн купоны төлбөрт зориулж тавдугаар сарын 27-нд буюу хугацаанд нь урьдчилгаа мөнгө шилжүүлжээ.

Төлбөр хариуцагч болох Үндэсний төлбөр тооцооны хадгаламжийн төв нь 2026 онд дуусгавар болох 71,25 сая ам.доллар, 2036 онд төлөх хугацаа нь дуусах 26,5 сая евро гээд  Оросын евро бондын зээлийг  төлөх хөрөнгийг хүлээн авсан. Харин уг мөнгө  хөрөнгө оруулагчдад хүрээгүй гэж Bloomberg тавдугаар  сарын 29-нд мэдэгджээ.

Үүний дараа ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов евробонд эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Орос улс бүхий л боломжоо ашиглана гэж амласан байна. Орос бол найдвартай зээлдэгч,  Өрнөдийнхөн садаа болсоор байгаа  ч гадаад өрөө төлөх талаар хичээх болно, Москвад өрөө төлөх хангалттай нөөц, валют байгаа гэж сайд онцолсон байна. Силуанов бас АНУ-ын үйлдлээс болоод Орос улс техникийн хувьд дефолт зарлалаа ч гэлээ энэ нь орос иргэдийн амьдралд нөлөөлөхгүй гэжээ.

Оросын бондын төлбөрийн үйлчилгээг ингэж зохиомлоор хааж байгаа нь утгагүй зүйл, ингэснээр  дэлхий дахинд ноцтой үр дагавар дагуулна гэж Сиуанов хэлж байна. Оросын Сангийн сайдынхаар бол дефолт нь  Төв банкны  нөөцийн царцаахын тулд Өрнөдөд л хэрэгтэй гээд ийм нөхцөлд гадаадын санхүүгийн зуучлагчид үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа нь "санаатай зохиомол" зүйл гэж хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэжээ.