Ш.Батбаяр: Пропорциональ тогтолцоо бол ард иргэдийн санал бодлын шууд тусгал

Улс төр

 

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, Гавьяат эдийн засагч, Соёл эрдэм сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph), профессор Шийлэгийн Батбаяртай ярилцлаа.

-Монгол Улс байнгын парламенттай болсны 30 жилийн ой тохиож байгаа тиймээс  энэ тухайгаас ярилцлагаа эхэлье?

-Монгол Улс 1990 оноос өмнө улс төржсөн, үзэл сурталжсан төртэй улс байсан. 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш Монгол Улс орчин үеийн, иргэншсэн, эрх зүйт төртэй болсон. Энэ онцлог л 1992 оны анхны парламентын гишүүдийн гол үүрэг, ажлын шинж чанар, ажлынх нь зорилт, хариуцлага байсан. Өөрөөр хэлбэл эрх зүйт төр гэдэг зүйлийг Монголд 1992 оны анхны УИХ бий болгосон. Тэр УИХ-д гишүүнээр ажиллаж байсан хүмүүс Сайд нарын зөвлөл, Улс төрийн товчооны тогтоол шийдвэр, зарлигаар хэрэгжиж байсан бүх харилцаа хүчингүй болсон тул хууль эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх  үүргээ ухамсарлан ажиллаж хууль үйлдвэрлэж эхэлсэн юм. Тэр үед гарсан хууль болгоныг сайн хууль гэж хэлж чадахгүй. Гэхдээ улс орон, ард иргэд, нийгэмд хохирол учруулсан нэг ч хууль байхгүй гэдгийг би ам бардам хэлнэ. Ямар ч байлаа гэсэн хамгийн их хууль баталсан УИХ  бол 1992 оных. Тэрнээс хойших УИХ-ыг  үгүйсгэхгүй. Гэхдээ бидний баталсан хуулиудад шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт оруулсан, зармыг нь хассан тэрнээс биш цоо шинэ хууль цөөхөн баталсан.

Тэр үеийн гишүүдийн онцлог гэвэл социалист нийгмийн үнэт зүйлсийг өөрсдөдөө шингээсэн ажилсаг, шударга, аливаа зүйлийн ард хоцрох гэсэн шинж чанар байхгүй учраас бид тэдгээр хуулийг шулуун шударга замаар баталсан. Ямар нэгэн хүний захиалгаар, ямар нэгэн хүчтэй лоббигоор баталсан хууль лав энэ үед байхгүй. Гэхдээ лоббигоор батлах үе бий. Тэрийг буруутгаж бас болдоггүй гэхдээ хэт их лоббидвол хэдхэн хүний эрх ашигт зориулсан, нийтийн эрх ашигт харшилсан тийм л хуулиуд гарна. Үүнд нэг зүйлийг хэлэхэд биднээс хойших УИХ-ын гишүүд хулхи, оффшорчид, шударга бүс байна гэж хэлж байгаа зүйл биш. Бидний онцлог бол яах аргагүй өмнөх нийгмийн мэнгэ шингэсэн учраас шулуун шударга, ар өврийн бодолгүй сайн ярвал өмч хөрөнгө гэхээр юмгүй хүмүүс байлаа шүү дээ. Тэр үеийн Ардын Их Хурлын сөрөг хүчний төлөөлөгч Баабар “Ядаж цэвэрлэгчийн хэмжээний цалин өөрсдөдөө тогтоочхоод энэ улсынхаа эрх барих хууль журмыг батлаач” хэмээн егөөдөж байсан удаатай. Цалин маш бага байсан.  Иймд УИХ-ын чуулганы хуралдааны эхний  өдөр л цалин нэмэх асуудлыг Ерөнхийлөгч тавьж байсан энэ бол санаа нь зөв алхам байсан. Та нарын цалин бага болохоор бусад цалин хөлсийг нэмж болохгүй байна гэж хэлж билээ. Миний бие Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дарга, хотын захиргааны орлогч дарга гэх мэт өндөр албан тушаалыг социализмын үед хашиж байсан туршлага дээрээ үндэслэн нийт гишүүддээ хандан анхныхаа хуралдаанаар   цалингаа нэмэх асуудлыг хэлэлцэж болохгүй гэх саналыг дэвшүүлсэн. Гишүүд эхэндээ эсэргүүцэж байсан ч анхны хурлаараа цалин нэмэх асуудлыг хэлэлцэх нь ард иргэдийн итгэлийг алдсан хэрэг болно гэдэг дээр санал нэгдэж байсан удаатай. Энэ цалинтай холбоотой тэр үеийн Ардын Их Хурлын нэртэй хуульч академич гишүүн маань “Би ядуурал гэдэг зүйлийг анхны УИХ-д сууж байхдаа, ядуурлын эгнээнд орж, ядуу амьдрал ямар байдгийг мэдсэн” гэж бичсэн байдаг.  

-Монголын парламентын түүхэнд сөрөг хүчин буюу Ардчилсан нам 1996 онд олонхын суудал авч төр барьж байсан тэр үеийн тухай ярвал?

-Ардчилсан хүчнийхэн 1996-2000 онд засгийн эрх авч МАХН анх удаагаа цөөнх болсон. Насаараа төр барьж үзээгүй Ардчилсан нам, насаараа сөрөг хүчин байж үзээгүй МАХН-ын бүрэлдэхүүнтэй УИХ  байлаа. Анх удаа төрж байсан учир Ардчилсан нам туршлагагүй гэдэг нь харагдаж байсан. Тиймдээ ч ард түмэн сонголтоо хийж эргээд 2000 онд МАХН засаг барьж эхэлсэн. Тэгэхээр төрийн эрх барих туршлага гэж нэг том зүйл бий. МАХН буюу өнөөгийн МАН 100 жилийн туршлагатай, мэргэжлийн боловсон хүчин ихтэй. Нөгөөтээгүүр энэ нь Ардчилсан намын буруу биш. Туршлага, мэргэжлийн, чадварлаг боловсон хүчинтэй байх нь зөв. Тийм учраас сөрөг хүчин зайлшгүй хэрэгтэй гэхдээ сүүлийн 30 жилд бойжиж чадахгүй байгаа нь үнэн.

-Сөрөг хүчин, эрх баригч намын гишүүдийн суудлын тоо урд урдынх шиг нэг нь нөгөөгөөсөө илт давуу биш байх нь ямар ялгаатай вэ?

-Үүнд ард түмний санал хүсэлт зөв туссан байх ёстой. Пропорциональ тогтолцоо Үндсэн хууль болон сонгуулийн тогтолцоонд оруулж холимог тогтолцоо, хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулна гэж яриад байгаа нь зарчмын хувьд маш зөв. Нэгэн жижиг тойргийн эрх ашиг биш бүх улсын эрх ашгийг хамгаалсан, босго гэх мэтийг нь хэрхэн тавьснаас шалтгаалан нөгөө сөрөг хүчнүүд нь зохих ёсоор орж ирнэ. Тэгэхээр энэ пропорциональ тогтолцоо нь манайд яах аргагүй хэрэгтэй цаг нь болсон. Гэвч сонголт хийдэг иргэд маань заавал хэн нэгнийг харж байж шулуухан хэлэхэд гар дээрээ юм авч байж сонгодог байдалд шилжсэн харагддаг. Тэгвэл пропорциональ тогтолцоо нь хэн ч танд намайг сонгоорой гэж мөнгө төлөхгүй. Энийг эсэргүүцдэг нөгөө л нэг нутагтаа, өөрийнхөө хүрээлэлд очоод сонгогдоод сурчихсан хүмүүс их эсэргүүцэж дургүй байдаг.

-Байнгын ажиллагаатай парламентын гишүүдийн тоо хангалттай юу?

-Хүн амынхаа тоонд харьцуулбал цөөхөн юм билээ. Сайн яривал 76 хүнийг хадгалаад байх тусам нэг хүний эрх мэдэл маш өндөр болж байгаа. Тиймээс гишүүдийн тоог олон болгох нь зөв үүнийг ард иргэдэд сайн ойлгуулах хэрэгтэй бас нөгөө талаас ойлгуулахыг хүсэхгүй хүчин ч бас байна. Иймээс парламентын гишүүд хүнийхээ тоонд харьцуулбал пропорционалиар олон байх ёстой. Тэр олон байх хэрээр зардал чирэгдэл цалинг заавал нэмэх албагүй тогтмол байлгаж болно. Нэмээд хэлэхэд мажоритар  нь миний бодлоор хамгийн муу сонгуулийн тогтолцоо харин пропорциональ тогтолцоо бол ард иргэдийн санал бодлын шууд тусгал юм. Мажоритар тогтолцоо нь ноёрхлоо тогтоох боломжийг олгож тодорхой тойргийг өмчилж авдаг. Харин том улсуудад жишээ нь АНУ-д мажоритар тогтолцоо нь өөр асуудал.

-Төрийн бодлого шийдвэр хууль тогтоох байгууллага парламентад бөх, дуучин, сэтгүүлчид УИХ-ын  гишүүн болж байна. Энэ дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Манай улс парламентын 30 жилийн туршлагатай АНУ, Англи шиг 300 жилийн туршлага бидэнд байхгүй. Эхлээд яг л бидэн шиг байсан бид туулах замаа л туулж байна. Олон түмэнд сонгох эрх өөрийнх гарт ороод ирэхэд нэр хүндтэй нутгийнхаа дархан аварга бөх, нөгөө талд нь мэдлэг боловсролтой хараахан олонд танигдаагүй залуухан хуульч байлаа гэхэд ядаж таньдаг гээд дархан аваргаа сонгох жишээтэй. Нэгэн жишээ дурдахад Англи, Францад биеэ үнэлэгчдийг парламентын  гишүүнээр сонгож байсан гэдэг. Энэ бол хөгжлийн жам ёсны үзэгдэл муу зүйл биш гэхдээ энэ нь удахгүй арилна. Гэхдээ мундаг улс төрч дуучин, жүжигчин байхыг үгүйсгэхгүй жишээ нь миний бодлоор Украины Ерөнхийлөгч улс төрчийнхөө хувьд гайхалтай өсөлт үзүүлж байгаа харагдсан.

-Дээр ярьсантай холбоод асуухад таны хувьд улстөрч хүн гэж хэн бэ?

-Ерөөсөө авьяас сонирхол дуучин, жүжигчин шиг авьяастай бас ясны улстөрч гэж байна. Тэр улстөрчийг  тодорхойлж байгаа шинж гэвэл өөрийн амбицтай, өөрийгөө үнэлж чаддаг, олныг уриалах, оройлох, удирдах тийм сонирхолтой  хүнийг улстөрч гэнэ. Тэгэхээр улстөрч гэдэг хүн бол өөрийнхөө сонирхлыг нийгмийнхтэй зөв хослуулаад сонирхлын эрэмбээ хадгалаад явах манлайлагч хүнийг хэлнэ.

-Та Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаал хашиж байсан хүний хувьд энэ салбарт одоо юуг өөрчлөх болсон гэж харж байгаа вэ?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын тогтолцоо хууль эрх зүйн хувьд маш сайн тогтсон. Социализмын үед маш хүчтэй байгууллагууд байсан. Тэр нь институцийн хувьд үлдсэн учраас ардчилсан шинэ зах зээлийн элементүүдийг хүлээж авах чадварлаг боловсон хүчнүүдтэй байсан учраас нийгмийн хамгааллын хөдөлмөрийн гол хуулиуд, тэтгэвэр, хөдөлмөр, халамж, мэргэжлийн боловсролын хууль гэх бүх гол хуулиуд маш сайн боловсрогдож гарсан. Тиймээс  нийгмийн хөгжлийн явцад шинэ харилцаанууд гарч байгаа тэднийг зохицуулах хэрэгтэй.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах дээр депутатууд эсэргүүцэж байгаа харагдсан энэ дээр та ямар бодолтой байна вэ?

-Үндсэн хуулийг өөрчилж болно. АНУ-д боловсруулаад Дэлхийн банк, Олон улсын валютын сан санхүүжүүлсэн хууль шүү дээ.  Ийм Англи төсөл орж ирээд түүнийг нь Баяр, Цагаан гэх сайн орчуулагч хуульч хоёр орчуулаад Чимэд гуай редакторлаад Лүндээжанцан олон түмэнд танилцуулсан. Ардын Их Хурлын депутатууд гэж нөхдүүд учрыг нь ч ололгүй л баталсан. Тэдний дийлэнх нь сум, нэгдлийн дарга нар шүү дээ. Хууль эрх зүйн мэдлэг байхгүй. Зөвхөн одон, сүлд, морь, шувуу байх уу гэдэг дээр хамаг цагаа барсан гэхэд хилсдэхгүй. Яг үндсэн хэрэг дээр Монгол Улсын Үндсэн хуулийн автор хэн бэ гээд хатуухан хэлэхэд  ОУВС, АНУ-ын “ADC”, Дэлхийн банк юм.