Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт өдөрт 5-6 машин хог ачаад дийлэхгүй байна

Нийгэм, Эдийн засаг

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн  боллоо.  Энэ үеэр өвлийн бэлтгэл ажлын талаар “Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа “40 мянган тонн түлш нөөцлөх ажил хийж байна. Гурван шугам ажиллаж, бусад нь засвартай байгаа. 500 хүнтэйгээр үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Засварын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна” хэмээн удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв.

Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нөхцөл байдлын талаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Иргэдийг аялж, амьдрахад тав тухтай нөхцөлөөр хангахын тулд, төрийн үйлчилгээ хүргэхийн тулд хашаа, хайсыг буулгах шаардлагатай байна. Түймэр гарах, онцгой байдал үүслээ гэхэд машин явах орц, гарц байхгүй. Холбогдох байгууллагуудаас санал гарч, нэгдсэн төлөвлөгөө гаргана. Өдөрт 5-6 машин яваад ч хогийг ачиж дийлэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт голд боогдсон хоёр дуудлага ирсэн. Иргэдээ аврахын тулд машин гаргахаас аргагүй. Гэтэл Хэмнэлтийн хууль гарчихсан байхад зардлаа хэмнэсэнгүй гэдэг. Иргэдэд ойлгуулахыг  хичээдэг ч үл ойшоох хандлага гардаг. Хог хаясан хүнд торгууль тавьж болдоггүй, ямар байгууллага, хэн тавих нь тодорхойгүй. Үүнийг цэгцлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна” хэмээлээ.