Өмнөговийн бизнес эрхлэгчид 1 хувийн хүүтэй зээл авч, "онц" оюутнууд үнэгүй сурч байна

Нийгэм, Эдийн засаг

Өмнөговь аймгийн Ханбогд сум, "Оюутолгой" компанийн хооронд 2015 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд "Оюу толгой" компани "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" төрийн бус байгууллагыг нээсэн юм.

Хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу "Оюу толгой" компани жил бүр 5 сая ам.доллар түүнтэй тэнцэх төгрөгийн санхүүжилтийг дээрх санд олгож байна. Харин сангаас орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Өмнөговь аймгийн хүн, амд тулгарч буй асуудлыг шийдэх нийгмийн төслүүдэд 2016 оноос хойш зургаан жилийн хугацаанд нийт 99.7 тэрбум төгрөг олгожээ. Энэ мөнгөөр Өмнөговьчууд юу хийв, юунд зарцуулав?

Ханбогд сумын иргэн М.Сүглэгмаа "Малын им тамга" төсөл бичиж, тус сангаас 25 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Үр дүнд нь Ханбогд сумын таван багийн 671 малчин өрхөөр явж малын им тамганы бүртгэл хийж, мэдээллийн сантай болжээ. Ингэснээр нутгийн малчид бусад айлын малыг им, тамгаар нь таньж эрэл суралд нь туслах, малынхаа таних тэмдгийг давхцуулахгүй ашиглах, өөрийн малаа баталгаажуулах боломж бүрдэв.

"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн санхүүжилт олгосон төсөл

"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн санхүүжилт олгосон төсөл

Баян-Овоо сумын ЗДТГ-аас "Цэвэр сум" төсөл бичиж, 55 сая төгрөгийн санхүүжилт авав. Улмаар сумын төвлөрсөн хогийн цэгийн хашааг сайжруулан 500 метр урт, 20-60 см өндөр суурьтай, сууринаас дээш 1.1 метр өндөртэй төмөр хашааг суурилуулжээ. Ингэж хогийн цэгээ "цэвэрлэж", хог хаягдлаас үүдэлтэй халдварт өвчний эрсдэлийг бууруулсан аж.

Цааш дурдвал, Даланзадгад сум 1,4,7 дугаар сургуулийн дотуур байранд шаардлагатай эд хогшил, тоног төхөөрөмж авахад 14 сая төгрөг, Баяндалай сумынхан "Далай булаг"-аа цэвэрлэж, урсцыг сайжруулж, хашиж, хамгаалахад 15 сая төгрөг, Булган сум музейгээ тохижуулахад 19 сая төгрөг, Цогт-Овоо суманд мал ариутгалын зөөврийн сууцанд зориулан 19 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.

Мөн Сэврэй сумынхан сангийн санхүүжилтээр эмнэлгээ бүрэн тохижуулсан аж. Эхний жилийн санхүүжилтээр сум дотроо түргэн тусламж үзүүлэх "Приус" автомашин авчээ. Харин дараа жилийн санхүүжилтээр алсын дуудлагад ашиглах том оврын автомашинтай болов. Мөн эмнэлгийн тоног хэрэгсэл, ор зэргийг шинэчилж, үндсэндээ "Говийн оюу хөгжлийн дэмжих сан"-ийн дэмжлэгээр нэг сумын хүн эмнэлэг бүрэн тохижжээ.

Ийнхүү Өмнөговь аймгийн ард иргэдийн ахуйн асуудлаас эхлээд том төсөл, хөтөлбөрийг ч санхүүжүүлдэг байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 10.9 тэрбум төгрөгийн өртөгтэй "Говийн байгаль, түүхийн музей" энэ сарын 18-нд ашиглалтад оров.

Мөн өнгөрсөн жил 500 гаруй сая төгрөгөөр есөн суманд тус бүр хоёр худаг гаргажээ. Түүнчлэн аймгаас хэрэгжүүлж байгаа "Нутгийн үйлдвэрлэгч өрх" хөтөлбөрийг санхүүжүүлж, аймгаас зүүн урагш байгуулсан үйлдвэрлэлийн бүсэд цахилгааны дэд станц, агаарын шугам татжээ. Харин энэ  жил цэвэр, бохирын асуудлыг шийдэж өгөх аж.

"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн санхүүжилт олгосон төсөл

"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн санхүүжилт олгосон төсөл

"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-аас Өмнөговийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин 1 хувийн хүүтэй зээл олгож, онц сурдаг оюутнуудад дөрвөн жилийн сургалтын тэтгэлэг олгон, үнэгүй сургаж ч байна.

Тодруулбал, "Говийн оюу-Бизнес боломж" нэртэй орон нутгийн жижиг, дунд бизнесийг дэмжих санхүүжилтийн хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг бизнесийн бичил зээлийг Хаан банкаар дамжуулан сарын 1, жилийн 12 хувийн хүүтэй олгодог. Өмнөговь аймгийн 51 бизнес эрхлэгчид 2016-2021 онд 1.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тэдний нэг нь аймгийн төвд "DuDu" нэртэй пиццаны газар нээж, тэнд нь ахлах ангийнхан нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэн, гитар, бялуу болон бужигнаж байхтай таарлаа.

"Говийн оюу-Оюутны тэтгэлэг" хөтөлбөрийн хүрээнд 2016-2021 онд Өмнөговь аймгийн 324 оюутанд 800 сая төгрөгийн тэтгэлэг олгосон байна. Тэтгэлэг авах оюутан Өмнөговь аймагт хэрэгцээтэй, дутагдалтай мэргэжлээр суралцаж буй, 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй байх шалгууртай.

Ойрын хугацаанд НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сантай хамтраад хоёр том хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Нэг нь "Өмнөговь аймгийн хүн ардын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр". Үүнд "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-аас таван жилийн хугацаанд 3 сая ам.доллар зарцуулах аж. НҮБ ч мөн санхүүжилт олгоно. Хоёр дахь нь, хөдөөгийн сумдын сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламж, сургалтын орчныг сайжруулах гэнэ.

"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн санхүүжилт олгосон төсөл"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн санхүүжилт олгосон төсөл

"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн үйл ажиллагааны тайлантай танилцахад "Одоо Өмнөговьд шийдэх асуудал үлдсэн юм уу" гэх бодол, атаархал хоёр зэрэг төрөв.

"Говийн Оюу хөгжлийг дэмжих сан"-ийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат "Өмнөговьд хэрэгцээ үргэлж ундардаг. Жишээ нь Даланзадгад хэдхэн жилийн өмнө 14-15 мянган иргэнтэй байсан бол одоо 24 мянган хүн амтай болжээ. Олон залуус энд, тэндээс ирж шилжин суурьшдаг. 2015 онд 700 хүүхэд цэцэрлэггүй байна гээд хоёр цэцэрлэг барьсан. Гэтэл одоо дахиад цэцэрлэгийн хэрэгцээ үүссэн. Төвлөрөл суурьшил эрчимтэй явагдаж байна.

Ер нь манай санд оролцохгүй ажил цөөн. Өнгөрсөн хугацаанд "Оюу толгой" компаниас олгосон 99 тэрбум төгрөгийг юунд зарцуулав гэвэл хоёр сургууль, зургаан цэцэрлэг, гурван сумын эмнэлэг, дэлхийн жишигт нийцсэн музей, Ханбогдын үерийн усны далан, суваг, мод үржүүлэг, багш, эмчийг чадавхжуулах хөтөлбөр, сургууль эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон төслийг санхүүжүүлжээ" гэж ярилаа.

Энэ төрийн бус байгууллага дөрвөн ажилтантай. Товчхон бас энгийнээр тодорхойлоход асуудал байвал "Алив, дансаа" л гэдэг Өмнөговийнхонд хүртээмжтэй, хэрэгтэй сан аж. Мэдээж олон шалгуур бий. Өмнөговь аймгийн хөгжилд аль хэрэгтэйг нь сонгох Сангийн удирдах зөвлөл, Харилцаа хорооны гишүүд гэж байна.

"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн Удирдах зөвлөл"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн Удирдах зөвлөл

Сангийн Удирдах зөвлөл нь "Говийн хөгжлийн дэмжих сан"-ийн эрх барих дээд байгууллага аж. Удирдах зөвлөл долоон гишүүнээс бүрдэнэ. Өмнөговь аймаг болон Ханбогд сум хамтран орон нутгийн төлөөлөл гурван гишүүнийг нэр дэвшүүлж, "Оюу толгой" компаниас дөрвөн гишүүнийг нэр дэвшүүлэн Удирдах зөвлөлийг бүрдүүлдэг юм байна. Энэ удирдах зөвлөлийг "Оюу толгой" компанийн Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Уилсон удирддаг.