МАН нь залуу үеийг өөртөө нэгтгэсэн улс төрийн хүчин байх болно

Улс төр

Д.Амарбаясгаланг МАН-ын генсекээр дахин сонгов

МАН-ын 30 дахь Их хурлын Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр болов. Анхдугаар Бага хуралдааныг МАН-ын Бага хурлын гишүүн Т.Аюурсайхан даргалсан бөгөөд хуралдаанаар намын удирд­лагын бүтэц зохион бай­гуу­лал­тын асуудлуудыг хэлэлцлээ. 

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад дахин нэр дэвшүүлэх саналыг Бага хуралд гаргав.Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ “МАН-ын шинэчлэлийн олон суурь зорилтыг 2008 оноос эхлүүлсэн.Тухайлбал, нийгмийн ардчиллын аянаас эхлээд  намын нэрээ тодотгох, намыг цахимжуулах, шинэчлэх томоохон ажлыг эхлүүлж байлаа. Д.Амарбаясгалан  намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байх үеэс дижитал шинэчлэл, намын гишүүдийн эргэх холбоотой,  судалгааны томоохон институцүүдэд тулгуурлаж, сонгуулийг онолын түвшинд, шинжлэх ухаанд суурилсан байдлаар явуулах зэрэг олон ажлыг удирдан зохион  байгуулсан.

Үүний нэг илрэл нь өчигдрийн Их хурлын зохион байгуулалтын ажил байлаа. Мөн намаас сонгогчдын дунд  явуулсан датаг вакцинжуулалтын ажилд хүртэл ашиглах хэмжээний  big data үүсгэж, хиймэл  оюун ухаанаар  хооронд нь нэгтгэн гаргаж, анализ хийж чадсан. Энэ бол  манай нам бусад улс төрийн хүчнээс түрүүлж, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах том шинэчлэлийн суурийг тавьж чадсан гэж миний хувьд үнэлдэг.Цаашид  энэ  шинэчлэл үргэлжлэх ёстой. Д.Амарбаясгалан нөхдөө үргэлж дэмжиж, өөрөө ялалтын гол цөм болж, намын аппарат, удирдах зөвлөлийг удирдаж, эхлүүлсэн ажлаа дуусгах тухайд итгэл үнэмшилтэй ажиллаж чаддаг. Д.Амарбаясгалан дарга сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, дараалсан хоёр сонгуулийг амжилттай удирдаж, УИХ-д манай нам 60-аас дээш суудал авах боломжийг бүрдүүлсэн.

Мөн орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, МАН бүх түвшинд засаглах боломжийг бүрдүүлэн, ялалтын манлайлагч болсон. Цаашид  МАН хөгжлийн институцийн хувьд  илүү судалгаатай хандах, шинжлэх ухаанч нам болох, хатуу шүүмжлэлд тулгуурласан бодлогын шинэчлэл хийх, хүний эрхийн чиглэлд дэвшүүлсэн томоохон бодлого, зорилтоо хэрэгжүүлэх. Авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх тогтолцоог бүрдүүлэх, Их хурлаас дэвшүүлсэн “Зууныг эхлүүлэх зургаан том шинэчлэл”, намын дэвшилтэт шинэчлэлтэй холбоотой асуудлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд Д.Амарбаясгалантай гар нийлж ажиллах болно” хэмээн тодотголоо.  Ингэснээр Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн  даргаар  дөрөв дэх удаагаа сонгов.  

МАН-ын Бага хурал эхлэхийн өмнөхөн зарим гишүүнтэй уулзаж, санал бодлыг сонслоо.

А.Ишдорж: Шинэчлэлийн зургаан бодлогоо шат шатандаа хэрэгжүүлж ажиллана

/Өвөрхангай аймгийн Засаг дарга/

-Намын их хурлынхаа чөлөөт цагаар хуралдаж байдаг байгууллага бол намын Бага хурал. Манай намын энэ Бага хурлын бүтцийг харахад залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг их сайн хангасан бүтэц бүрэлдэхүүн харагдаж байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлж, залуучуудаа дэмжиж, уламжлалт түүхээ хадгалж явдаг нам гэдгээ ч илэрхийлж чадаж байгаа. Намын их хурал хэд хэдэн бодлогын баримт бичиг баталлаа. Энэ нь өмнөх хурлуудаас ялгаатай. Энэ их хурлаасаа гаргасан авлигатай тэмцэх, хүний эрхийг дээдэлсэн шинэчлэлийн зургаан бодлогыг намын байгууллагын хувьд шат шатандаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Энэ хэрэгжүүлэлтийг дагаад дараагийн нарийвчилсан нэг шаттай төлөвлөгөөнүүд гарах нь тодорхой.

 

И.Доржсүрэн: Хархоринд шинэ хот байгуулах ажил эхэлсэн

/Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч/

-МАН-ын 30 дахь их хурлаас байгуулагдсан Бага хурлын анхдугаар хуралдаан болж байна. Бага хурлын анхдугаар хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, юуны өмнө Ерөнхий нарийн бичгийн дарга хэн байх вэ гэдэг асуудлыг шийдвэрлэлээ. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь өнгөрсөн хугацаанд МАН-ыг орчин үетэй хөл нийлүүлж алхах, намын дотоодод цахим технологийг хөгжүүлэх, дотоод эв нэгдлийг хангах, намын зүгээс улс орны нийгэм эдийн засгийн бодлогыг шинэ түвшинд хүргэх, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг төр засгийн түвшинд хүргэх, энэ чиглэлээр дорвитой асуудлуудыг хийж амжилт гаргасан учраас дараагийн дөрвөн жил улируулан сонголоо. Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний тавьсан илтгэлд ойрын хугацаанд шийдвэрлэх нэн шаардлагатай, хэрэгжих боломжтой зургаан асуудал дээр гол анхаарлаа хандуулъя гэсэн илтгэлийг тавьсан. Түүн дотроос хот хөдөөгийн ялгааг арилгах замаар Улаанбаатарын ачааллыг бууруулж тэр хэмжээгээр хөдөө орон нутгийн хөгжлийг нэмэгдүүлэх орон нутагт амьдардаг хүмүүсийн тоог нэмэгдүүлэх ийм бодлого яригдсан. Мэдээж, энэ хүрээнд алс зэлүүд байгаа хөдөө орон нутагтаа хүн амын төвлөрлийг нэмэгдүүлэхийн бол тэр хэм­жээ­гээр зах зээл, үйлдвэр үйлчилгээ нэмэгдэнэ. Үүний хүрээнд манай аймагт нэлээд онцлогтой зүйл ярьсан. Энэ нь юу гэхээр, Хархорин суманд шинэ соёл, аялал жуулчлалын чиглэлийн томоохон хот байгуулах тухай яриа. Энэ асуудлыг манай аймгаас сонгогдсон намын их хурлын төлөөлөгчдийн нэн таатай бөгөөд талархалтай хүлээн авч дэмжиж байгаа. Хархоринд шинэ хот байгуулах  асуудал дээр ойрын хугацаанд дэд бүтцийн судалгааны төслийг боловсруулах ажлыг эхний ээлжинд хийж эхлээд байна.

Э.Чинбүрэн: Залуусыг дэмждэг нам гэдгээ харуулж чадлаа

/УИХ-ын гишүүн/

-МАН-ын дүрмээр Их хурал дөрвөн жилд нэг удаа болдог. Энэ дөрвөн жилийн хугацаанд Их хурлаасаа Бага хурлын гишүүдээ сонгодог. Бага хурал нь их хурлын бүрэн эрхийг шилжүүлэн авч, дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулдаг. Бага хурлаар гол шийдэх ёстой асуудал нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгодог. Тиймдээ ч үдээс өмнөх хурлаас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг 100 хувийн саналаар улируулан сонголоо. Энэ удаа нам 470 гаруй бага хурлын гишүүнтэй боллоо. Энэ бол өмнөхөөсөө 100 гаруй гишүүнээр нэмэгдсэн гэсэн үг. Бага хурлын гишүүдийн төлөөллийн насыг авч үзвэл  35-45 хүртэлх насны 45-аас дээш гээд үзэхээр залуу, дунд, ахмад гурван үеийн хэлхээ яг жигд оролцоотой байгаа. МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга маань ч гэсэн залуу хүмүүс. Эндээс харахад залуучуудыг түлхүү дэмждэг нам гэдгээ үүгээрээ харуулж байгаа байх. Нөгөө талаасаа залуучууд өөрсдөө улс эх орны бодлого, улс төрөөр дамжуулж эх орныхоо төлөө хийх хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг нь их хурлаар бага хурлын гишүүдийг сонгох энэ өрсөлдөөн зэргээс ажиглагдаж байлаа.  

М.Ганзориг: Албан тушаалтны хариуцлага ёс зүйн хэмжээг өндөрдүүлсэн нь зөв алхам болсон

/Ховд аймгаас сонгодсон Бага хурлын гишүүн/

Их хурлаас Монгол улсын хөгжлийн бодлого дээрээс нь намын үзэл баримтлалын талаар томоохон шийдвэрүүдийг гаргасан. Түүн дотроо Монгол улсын хөгжлийн талаар Шинэ сэргэлтийн бодлого хэмээх МАН-ын даргын илтгэл нь маш товч тодорхой болгож өгсөн. Манай улсад хэрэгтэй зүйлсийг маш олон судалгаа шинжилгээний үндсэн дээр тайлбарласан нь ирээдүйн хөгжлийг тодорхойлж чадсан гэж харж байна. Дээрээс нь намын хувьд намуудын дундах бодлогын институт нам болох зорилгын талаар Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд дурдагдсан. Мөн дүрмийн өөрчлөлтүүд гарсан хариуцлага ёс зүй, ёс зүйн хэм хэмжээ алдсан албан тушаалтны хариуцлага ёс зүйн хэмжээг өндөрдүүлсэн. Бага хурлын удирдах зөвлөл гэдэг нь намын үйл ажиллагаанаас гарч буй шийдвэрүүдийг хэрэгжүүлдэг учраас туршлага, эрч хүч хосолсон гурван үеийн төлөөллөөс удирдах гишүүдээ сөнгөөсөө гэж бодож байна.

Б.Батбаяр: Залуу үеийн хүсэл мөрөөдөл болсон улс төрийн хүчин байгаасай

/Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Бага хурлын гишүүн/

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн их хурлаар тавьсан илтгэлд тусгагдсан дэвшилтэт зургаан бодлогын хүрээнд улс орныхоо хөгжлийг өндөр түвшинд авчраасай гэж хүсэж байна. Мөн залуучуудын санал бодлыг сонсдог, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлсэнчлэн МАН нь залуу үеийн хүсэл мөрөөдөл болсон улс төрийн хүчин байгаасай гэж Бага хурлын залуу гишүүний хувьд дуу хоолойгоо хүргэх байна.

#МонголынМэдээСонин #ҮйлЯвдал

2021 оны арванхоёрдугаар сарын 09. Пүрэв. №156 (5561)