ЦДБЭЧ ӨВӨЛ ЦАГИЙН НЭЭЛТИЙН ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛЖ БАЙНА

Соёл урлаг, Спорт

     Байлдааны гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид 89 дэх өвөл цагийн нээлтийн хүндэтгэлийн тоглолтоо энэ сарын 2-ны өдөр толилуулж байна.

    Тоглолтын эхэнд ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Г.Золзаяа хэлсэн үгэндээ "Бид жил бүр өвөл цагийн нээлтэд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг иргэд, цэргийн алба хаагчдад толилуулж ирсэн уламжлалтай. Жил бүрийн тоглолт нь чуулгын уран бүтээлчдийнхээ авьяас, мэргэжлийн ур чадварыг бүтээлчээр хөгжүүлж буйгаа тайлагнадгаараа онцлогтой юм. Бид энэ удаа БХЯ-ны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ой зэрэг түүхэн тэмдэглэлт баяр тохиосон онд шинээр дэглэсэн бүтээлүүдээ үзүүлж, та бүхэндээ бэлэг барьж байна" гэдгийг тодотголоо.

      Тоглолтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулсны үндсэн дээр зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын офицер, ахлагч, ажилтнуудын төлөөлөл үзсэн юм.

      Мөн энэхүү тоглолтыг "Соёмбо" редакцын "Дуулга" студийн сэтгүүлч, зураглаач нар цахимаар шууд дамжуулсан нь өвөрмөц нэгэн дэвшил байлаа.

      Тоглолт цаашид ч үргэлжилнэ ...

                                      Хурандаа Б.ОТГОНБАЯР