Геологи хайгуулын ажилд 30 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийснээр үйлдвэрийн насжилт 60-70 жилээр уртсах боломж бүрдсэн

Нийгэм, Эдийн засаг

     Монгол Улсын Засгийн газар 2019 онд Эрдэнэт үйлдвэрийнхээ асуудлыг тусгайлан авч үзэж, 224 дүгээр тогтоолыг гаргасан. Энэ тогтоолд Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжиж, Эрдэнэт үйлдвэрийн хэт ирээдүйг бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан баталгаажуулсан чухал баримт бичиг болсон. Энэ хүрээнд ТӨБЗГ-аас Эрдэнэт үйлдвэрийн үндсэн чиглэлийг баталсны дагуу хэтийн зорилтоо тав таван жилийн төлөвлөгөөтэй боловсруулан жил бүрийн бизнес төлөвлөгөөндөө тодотгон тусгаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2019-2020 онд хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд 80 орчим хувь нь элэгдэлд орсон байсан үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийн 30 орчим хувийг шинэчиллээ.

Хамгийн чухал нь Эрдэнэт үйлдвэр нөөц баялгаа өсгөж чадсан. Өөрөөр хэлбэл, геологи хайгуулын ажилд 30 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийснээр үйлдвэрийн насжилт 60-70 жилээр уртсах боломж бүрдлээ. Энэ бол Эрдэнэт үйлдвэр урт хугацаанд тогтвортой ажиллах, олборлолт, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудал бол зөвхөн үйлдвэрийн асуудал биш, улс орны ирээдүй, үйлдвэржилтийн бодлого, хөгжлийн асуудал юм.

2021 оны эхний 10 сарын байдлаар үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөгөө  үзүүлэлт бүрээр давуулан биелүүллээ. Тухайлбал, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг 100-138.2 хувиар, ашгийн төлөвлөгөөг 2.5 дахин давуулан биелүүлсэн. 

2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар улс орон нутгийн төсөвт 1 их наяд 157.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоол, 2021 оны 207 дугаар тогтоолын хүрээнд нийт ард иргэд, аж ахуй нэгж байгууллагын тог цахилгаан, дулаан уур ус, хог хаягдлын зардалд 828.5 тэрбум төгрөгийг төлөөд байна.