Зөвшөөрлийн тухай хуулийн талаар санал солилцож, туршлага судлав

Улс төр

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны Парламентын бүлгийн дарга Х.Баделхан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламент Мажилис дахь Казахстан-Монголын бүлгийн дарга ноён Рау Альберт Павловичтой цахим уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Казахстан Улсын талаас Парламентын Мажилисын гишүүн Кайнар Абасов Бегалиевич, Сырым Ертаев Махамбетович, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жалгас Адылбаев Жумаевич болон бусад албаны хүмүүс оролцов. Уулзалтын үеэр талууд хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, хууль тогтоох, парламентын ажиллагааны туршлага солилцох талаар ярилцаж, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэгдэж буй Зөвшөөрөлийн тухай хуулийн талаар санал солилцож, туршлага судаллаа.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны Парламентын бүлгийн дарга Х.Баделхан “Өнөөдөрийн уулзалтын зорилго нь УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн бэлтгэл ажлын хүрээнд уг хуулийн төслийн ажлын хэсэгт Бүгд Найрамдах Казахстан Улсын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаар туршлага судлах боломж олгох явдал юм” хэмээв.

 

Түүнчлэн Монгол Улсын Их Хурал 2001 онд “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийг шинэчлэн баталсан байдаг. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа харилцааг энэ хууль болон салбар тус бүрийн 100 гаруй хууль, 200 гаруй журмаар зохицуулж байна. Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан тухайгаа танилцуулав.