“Эрдэнэт үйлдвэр” Зээл авсан уу?

Эрэн сурвалжлах

      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллаж ирэхдээ 240 сая ам доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан талаарх мэдээлэлтэй холбоотой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү эрхэлсэн орлогч Д.Үүрийнтуяа хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр одоогоор энэхүү зээлийн асуудал судалгааны шатанд яригдаж байгааг онцолсон юм. Ирэх онд том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд зээлийн эх үүсвэр, хамтран ажиллах хөрөнгө оруулагчдыг судалжээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай холбоотой төсөв тооцоо, санхүүжилтийг 2019 оноос хойш Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас жил бүр баталдаг болсон. Иймд батлагдсан төсвийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байна. 2019 оноос хойш тус үйлдвэр нь банк санхүү, олон улсын байгууллагад төлөх өр зээлгүй, эдийн засгийн дарамтгүй ажиллаж байна гэдгийг хэлж байна.

Өнөөдрийг хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь өрийн дарамтгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 10 дугаар сарын 28 – 11 дүгээр сарын 12 хүртэлх хугацаанд тус үйлдвэрийн 4 удирдах албан тушаалтан Арабын нэгдсэн Эмират улсад албан томилолтоор ажиллажээ олон нийтийн сүлжээнд гараад буй буудлын төлбөр гэх зардалууд үндэслэлгүй худал мэдээлэл гэв. Санхүү хөрөнгө оруулалт, ирэх оны төсөв төлөвлөгөө, үйлдвэрийн үндсэн чиглэлтэй холбоотой тусгагдсан томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай ажлуудын талаар уулзалтыг зохион байгуулсан байна.

Дэлхий дахинд үүсээд буй корона вирусний нөхцөл байдалтай холбоотой хил гааль, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар зэсийн баяжмал экспортолдог трейдер компаниудаараа дамжуулан гадаадаас бага хүүтэй хөгжлийн зээл авах хүсэлт ТӨБЗГ-т тавьж, холбогдох зөвшөөрлөө авсан байна.