ОХУ, АМЕРИКИЙН ДИПЛОМАТУУДЫГ ХӨӨНӨ ГЭВ

Дэлхийн мэдээ

Москвад гурван жилээс илүү хугацаагаар ажилласан АНУ-ын Элчин сайдын яамны зарим ажилтан энэ 2022 оны нэгдүгээр сарын 31 гэхэд ОХУ-аас гарч явах ёстой гэж Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн байна. Үүний өмнө Вашингтон бас оросын 27 дипломатчийг 2022 оны нэгдүгээр сарын 30-ны дотор эх орондоо буцахыг шаардсан юм. “Америкийн шаардлагаас үүдээд бид бас яг тийм хариу барихаар шийдвэрлэж байна. АНУ-ын ЭСЯ-ны Москвад гурван жилээс илүү хугацаагаар байсан ажилтнууд ирэх 2022 оны нэгдүгээр сарын 31 гэхэд Оросыг орхих ёстой” гэж Захарова хэлжээ.

Энэ бол Оросын сонголт биш “АНУ-ынхтай адил үйлдэл”, өнгөрөгч 2020 онд Төрийн департамент бас Вашингтон дахь Оросын  ЭСЯ, Нью-Йорк, Хьюстон дахь Ерөнхий консулын газарт ажиллагсдад тэнд ажиллах томилолтын ийм хугацааг гурван жил гэж хязгаарлаж байсан юм гэж тэр онцолжээ. “Ирэх оны долдугаар сарын 1 хүртэл вашингтон энэ гурван жилийн хугацаанаасаа татгалзахгүй бол дахиад маш олон ажилтан буцах болно” гэж Захарова хэлсэн байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Вашингтон оросын эсрэг хоригоо өргөтгөн арван дипломатчийг буцаасан. Орос хариуд нь АНУ-ыг нөхөрсөг бус орны жагсаалтад оруулан Элчин сайдын яаманд нь орос болон гурав дахь орны иргэн ажиллахыг хориглосон юм.

Америкийн дипломат газрынхан үүнийг ажилтнуудаа танаж, үүнээс болоод консулын үйлчилгээг бүрэн хэмжээгээр үзүүлэх боломжгүй боллоо гэж мэдэгдсэн юм. Үнэхээр ч тавдугаар сарын дундаас орос иргэд цагаачлалын бус виз авах нь тасалдсан.

Зургадугаар сард ерөнхийлөгч Владимир Путин, Жо Байден хоёр Женевт уулзсаны дараа Москва, Вашингтон хоёр Элчимин сайдын яамдын ажиллагааг хэвийн болгох талаар ярилцаж эхэлсэн ч ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр бол энэ үйл явц Орост шахалт үзүүлэх гэсэн АНУ-ын оролдлогоос болоод “урагш ахихгүй” байгаа гэнэ.