Орост аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 7 хүртэл амарна

Дэлхийн мэдээ

Коронавирусын цар тахлын тархалтыг хязгаарлах үүднээс   Орост  аравдугаар сарын 30-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 7-ны өдрийг  ажлын бус өдөр болгох зарлигт Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ. Зарлигт “2021 оны аравдугаар сарын 30-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 7-ныг хүртэл ажлын бус өдөр болгож, ажиллагсдад цалинг хэвээр олгосугай” гэсэн байна.  

Зарлигаар бас энэ хугацаанд соёл болон эрүүл мэндийн байгууллагын ажиллах хуваарийг тодорхойлохыг Засгийн газарт даалгасан байна. Хэвлэл мэдээлэл, бусад байгууллагууд ажил үүргээ хэвийн явуулах ажиллагсдын тоогоо тодорхойлох юм байна. 

Бүс нутгууд хүнд байна

Ерөнхийлөгч Владимир Путины хийсэн нэг зөвлөгөөн дээр Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова COVID-19-ийн өвчлөлөөр хүндрэлтэй байгаа бүс нутгуудыг нэрлэсэн байна. Энд Курск, Оренбург муж, бүгд найрамдах  Коми, Татарстан улсууд, Умард Осети, Мордов, мөн  Воронеж, Новгород, Волгоград, Самар, Саратов, Челябинск, Свердловск, Омск, Томск, Киров, Амур мужуудыг нэрлэжээ. Түүнийхээр бол Ставрополь, Адыгей, Челябинск, Орлов, Амур, Самар, Саратов гэсэн  долоон бүсэд COVID-19-өөр өвчлөгсдөд зориулсан эмнэлгийн орны 95 хувь нь дүүрээд байгаа гэнэ. 

Оросын мэргэжлийн хяналтын албаны тэргүүн Анна Поповагийн хэлснээр бол коронавиурсээр өвчлөгсдийн тоо бүхий л насныханд өсч байгаа гэжээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л орост коронавирусын 222 241 тохиолдол илэрсэн нь  өмнөх долоо хоногоос 15.5 хувь их байгаа юм байна. 

Сүүлийн таван долоо хоногт ханиад, томуу дэлгэрч байгаатай холбогдон коронавирусын тахал  улам нэмэгдэж байгаа гэнэ. 

Коронавирусын дэгдэлттэй харьцуулахад вакцинжуулах ажил илүү ахицтай байгаа гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин онцлон тэмдэглэсэн байна. “Өөрийгөө, төрөл төрөгсдийнхөө эрүүл мэнд, амьдралынхаа аюулгүй байдлын төлөө вакцинжуулах ажилд идэвхтэй хамрагдахыг ард иргэддээ дахин уриалж байна” гэж Путин онцолжээ. 

Оросын “Спутник V” вакциныг манай гаргийн хүн амын 50 гаруй хувь амьдардаг 70 улс орон аваад байгаа юм.

#МонголынМэдээСонин #Дэлхий

2021 оны аравдугаар сарын 22. Баасан. №133 (5538)