ЭНЭТХЭГТ НЭГ ТЭРБУМ ГАРУЙ ХҮН ВАКЦИН ХИЙЛГЭЖЭЭ

Дэлхийн мэдээ

Энэтхэгийн Эрүүл мэндийн яам коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн иргэдийн тоо нэг тэрбумыг давсан тухай зарлажээ.

Энэ үйл явдлыг тохиолдуулан Нью Дели хотын түүхэн Улаан хэрэм /Red Fort/ дээр улсынхаа тугийг мандуулжээ. Моголын гүрний эзэн хаадын өргөө байсан тус хэрэм дээр тус улсад хэмжээгээр хамгийн том 1.4 мянган кг жинтэй тугийг мандуулжээ. Түүнчлэн, энэ мэдээллийг галт тэрэг, онгоц, усан онгоц дээр зарлах гэнэ.

Үүнээс өмнө Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд Мансукх Мандавиа вакцин хийлгэх эрхтэй бүх хүнд хандан, яаралтай вакцин хийлгэж, энэхүү түүхэн амжилтад хувь нэмэр оруулахыг уриалж байсан билээ.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр, тус улсын насанд хүрсэн хүн амын 75 орчим хувь нь вакцины эхний тунгаа хийлгээд байгаа бол 31 хувь нь бүрэн тундаа хамрагджээ. Тус улсын хүн амын тоо 1.398 тэрбум юм.

Энэтхэг улс энэ оны нэгдүгээр сарын 16-нд вакцинжуулалтын арга хэмжээг эхлүүлсэн. Эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд, цагдаа, цэргийн алба хаагч, иргэний хамгааллын яамны ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийнхэн хамрагдсан. Гуравдугаар сарын 1-нээс эхлэн хоёр дахь бүлгийн буюу 60-аас дээш насныхан болон хууч өвчинтэй 45-аас дээш насныхан вакцинд хамрагджээ. Тавдугаар сарын 1-нээс эхлэн 18 нас хүрсэн иргэд вакцинд хамрагдах боломжтой болсон ч төлбөртэй хийлгэж байсан бол зургаадугаар сарын 21-нээс эхлэн вакциныг үнэ төлбөргүй хийх болжээ.