Хөрөнгө оруулалтын зардлаар сургууль цэцэрлэг барьдаг байсан бол музей, зам болгоод өөрчилчихжээ, цаадуул чинь

Улс төр

Манай улсын эдийн засаг сэхээнд байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон Монголбанк эдийн засгийг сэхээнээс босгохын тулд сангийн бодлого болон мөнгөний бодлого хэрэгжүүлэх замаар янз бүрийн дусал хийж, антибиотик өгч үзлээ. Гэсэн ч эдийн засаг сэхээнээс өндийсөнгүй. 

2022 оны улсын төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барих үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зүйрлэж хэлбээс хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна” хэмээн огцом үг хэлэв. Ерөнхий сайдын энэ үг харин ч хар дарсан зүүд мэт санагдсанаа нуух юун. 

Ерөнхийдөө өрийн таазандаа тулгаад тавьсан төсөв байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар гадаад өрийн хэмжээ ДНБ-ний 60, 70 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Үүндээ тулгуурлаад таазыг нь тулгаад зардлаа баталсан. Орлогоо нэлээд өндрөөр явуулсан төсөл болсон гэж харж байна. Орлого өндөр болсон гэдгийг батлах гурван жишээ хэлэхэд.

Нэгт, эдийн засгийн өсөлтийг бага буюу 5 хувь гэж тавьсан хэрнэ төсвийн нийт орлогыг 2.7 их наяд төгрөг буюу 19.5 хувиар өснө гэж тооцсон.

Хоёрт, нүүрсний экспортыг 36 сая гэж тавьсан. Гэтэл өнөөдөр олон улсын мэргэжлийн байгууллагууд дельта хувилбарын тархалт түрүүлж явагдсан орнуудад ковидын нөхцөл байдал 2022 оны зургаан сард дуусна гэж үзэж байгаа. Манай улсад дельта нэлээд сүүлд орж ирсэн. Тэгэхээр 2022 оны сүүлээр ковид арай гайгүй болох уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Өөрөөр хэлбэл бид ирэх онд дахиад ковидтой хамт амьдарна. Гэтэл манайд дотоодын халдвар өндөр байгаа үед манай урд хөршид ирэх жил том арга хэмжээнүүд болох гэж байна. Тэд нүүрс авахын тулд эрсдэл гаргахыг хүсэхгүй. Тиймээс нүүрсний экспортоо бид хүссэнээрээ гаргаж чадах уу гэдэг асуулт байна. Яах вэ, төмөр зам энэ онд ашиглалтад орсон бол гайгүй байлаа. Гэхдээ ирэх оны сүүлээр ашиглалтад орох болохоор үр өгөөжөө өгч амжихгүй. Чингэлэг терминал жилийн найман сая тоннын хүчин чадалтай гэхээр нүүрс дээр ийм их хэмжээний экспорт хийж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байна.

Зэсийн хувьд ирэх жил Оюутолгойн зэсийн баяжмал дахь алтны агууламж буурч байгаа. Энэ бол зэсээс орж ирж байгаа орлогыг нэлээд бууруулна гэж бодож байна. Үнийн хувьд зэсийг буулгалгүй 9000 ам.доллар хавьцаа нэлээд өндөр тавьсан байсан. Зэсийн үнэ өндөр хэвээр хадгалагдах боломжтой гэж үзэж байгаа ч гол нь тоо хэмжээ дээр өндөр тавьсан байсан.

Гуравт, татварын орлогыг нэлээд өндөр тавьсан. ААН-үүдийн 50 хувь нь жилийн дараа эдийн засаг гайгүй болж, борлуулалт нь хэвийн түвшинд орно гэж үзэж байна шүү дээ. Гэтэл ийм байгууллагуудаас яаж татвар цуглуулах гэж байгаа юм бол гэдэг том асуулт байна.

Тэгэхээр ийм асуудлуудыг бодоод үзэхээр орлого талдаа нэлээд өөдрөг төсөөлөл харагдаж байна. Харин зарлага талдаа бол зүсээ хувиргасан янз бүрийн зүйлс олон харагдсан. Жишээ нь, хөрөнгө оруулалтын зардлаар өмнө нь сургууль цэцэрлэг барьдаг байсан бол одоо музей, зам барьдаг болж өөрчлөгдөж байна. Халамжийн бодлого бол үргэлжилдгээрээ үргэлжлээд явж байна. Ингээд шүүмжлээд суугаад байж болно. Хамгийн гол нь гарц, шийдэл нь юу байх вэ.

Хамгийн эхэнд экспортын ногоон гарцаа бий болгох ёстой. Одооноос ногоон бүсээ бэлдэж 2022 онд бэлдэж эхлэх хэрэгтэй. Өмнөговьд манай уул уурхайн нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь төвлөрдөг. Эрдэнэт бол төмөр замаар явчихна. Өмнөговийг халдваргүй бүс болгох ажлаа эхлүүлэх шаардлагатай байна. Тэгж байж экспорт хийнэ. Дээр нь импортын гацааг он дуусахаас өмнө шийдэх шаардлагатай байна. 

Манайд цар тахал 2022 оны гуравдугаар улирал хүртэл үргэлжлэх магадлалтай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Жишээ нь, дотоодод эрсдэлтэй үед ААН, үйлчилгээ, дэлгүүрүүдийн цагийг богиносгож байгаа нь борлуулалтыг хязгаарлана гэсэн үг. Олон хүн цуглаж болохгүй гэдэг нь үйлчлүүлэгчдийг хязгаарлах буюу дахиад борлуулалтыг нь хазаарлаж байна л гэсэн үг. Нэг ёсондоо эдгээр нь бизнесүүдийг өсөлтийг боомилж байна. Мөн дотоодод халдвар ихтэй байгаа нь гадаад зах зээлүүдтэй харилцахад хүндрэл болж байна. Тиймээс дотоодын халдвар бол яалт ч үгүй том эрсдэл.

Хоёрт нь, дотоодын халдварын нөхцөл байдалтай бид яаж бизнес, төрийн үйл ажиллагаагаа уялдуулж, зөв менежмент явуулах вэ гэдэг менежментийн чадавхийн асуудал эрсдэл гэж харах түвшинд ирсэн гэж харж байна.

Гуравт, үнийн өсөлттэй холбоотой асуудал байна. Энэ нь дахиад л нөгөө Засгийн газрын чадавхитай холбогдоно. Эдгээр нь дотоод зах зээлийн асуудал.  

Дөрөвт, гадаад зах зээлтэй хамааралтай буюу бид экспортоо тогтвортой хийж чадах уу гэдэг асуудал яригдаж байгаа. Тэгэхээр бүх асуудал ковидтой холбогдож гарч ирж байна. Ковидоосоо салж гэмээнэ хар дарсан зүүднээсээ дайжиж хаяарч буй үүрийг харах боломжтой болно. Ур цэцнээр биш ухаантай, бас улс орноо бодсон төсөв баталж гэмээнэ үүр хаяарахыг байтугай өглөө болохыг харна биз дээ.

... Ирэх 2022 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхгүйгээр нийслэл хотын төсөвт үлдээлээ.

#МонголынМэдээСонин #ХөндөхСэдэв

2021 оны аравдугаар сарын 19. Мягмар. №131 (5536)